Нийслэлд гамшгийн үед цугларах 182 түр талбай бий

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр /2022.03.29/ зохион байгуулж, Нийслэлийн Онцгой байдлын газраас Хот байгуулалт, хөгжлийн газрын томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгалаа. Тус үзлэг нь болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан хамтын ажиллагааг хангах зорилготой юм.

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн Засаг даргын 2022 оны A/59 тоот захирамжийн дагуу түр орон байраар хангах албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг хийж байна. Гамшгийн үед түр орон байраар хангах алба Хот байгуулалт, хөгжлийн газарт бий.  Мөн Нийслэлийн Орон сууцны корпораци ХК, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг дөрвөн байгууллага хамтарч ажилладаг. Гамшиг тохиолдсон үед иргэд нэн тэргүүнд түр цугларах талбайд цуглах ёстой. Үүний дараа түр хоргодох орон байраар хангах, иргэдийг гамшгийн эрсдлээс авран хамгаалахад Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтарч, НЗДТГ-ын харьяа байгууллагууд өөрийн чиг үүргийн дагуу оролцдог” хэмээн ярилаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Энэхүү бэлэн байдлын үзлэгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд хяналт, үзлэгийг хийнэ. Түүнчлэн ерөнхий боловсролын 34, 75 дугаар сургуульд түр орон байрны үзлэг хийж, бэлэн байдлын үзлэгийн дүнг гаргах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшиг болсон тохиолдолд цугларах 182 түр талбай байна. Эдгээр талбайг томилгоожуулснаас гадна түр орон байраар ашиглах боломжтой объектуудыг судалж байна. Аливаа гамшиг болоход арга хэмжээ авах мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллага бэлэн байдлаа хэрхэн хангаж байгааг шалган, тухайн үзлэгийг хийж байна” гэлээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсийн дарга Н.Тамир “Тус албаны гамшгийн төлөвлөгөө, албан хаагч бүрийн гамшгийн үед хэрэглэх үүргэвч, дотор нь байх ёстой 15 эд зүйлийг Нийслэлийн Онцгой байдлын газраас шалгаж байна. Түр орон байраар сургууль, цэцэрлэг, аялал жуулчлал, зочид буудал зэрэг дөрвөн төрлийн  631 байгууламжийг сонгон авсан. Эдгээр барилгыг түр орон байрны стандарт, норм дүрэмтэй болсны дараа түр орон байрны тоог эцэслэн гаргаж, НИТХ-аар эсвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулдаг” хэмээв.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top