-Нийслэлд 2026 он хүртэл нийт 13 мянган автозогсоол нэмж барина гэв-
Нийслэл хотод жолооч нарт автозогсоол олдоно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил болжээ. Зогсоол олдохгүй асуудлаас болж өглөө бүр ажил, хичээлээсээ хоцордог иргэд олон бий. Тэд зогсоол олох гэж хэд хэд тойрч явахдаа зохиомол түгжрэл үүсгэснээр өглөө бүр ажил цуглах цагаар хотын зам там болдог аж. Автозогсоолын тоог нэмснээр замын түгжрэл тодорхой хэмжээнд буурах хандлагатайг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс бид нийслэлийн олон ужиг өвчний нэг болсон автозогсоолын хүрэлцээ, үнэ төлбөрийн талаар сурвалжилга бэлтгэлээ.
ЗОГСООЛЫН АСУУДЛААС БОЛЖ АЖИЛДАА ХОЦРОХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ
1.2 сая гаруй хүн амтай нийслэлд 662 мянган тээврийн хэрэгсэл бий. Тэгвэл Нийслэлийн автозамын хөгжлийн газартай гэрээтэй буюу зөвшөөрөлтэй 67 авто зогсоол байна. Тэдгээр 67 зогсоолд машинаа байрлуулбал журмын дагуу эхний 30 минутад төлбөр төлөхгүй аж. Харин 31-60 минут автомашинаа байрлуулбал 1000 төгрөг авдаг байна. Гэвч дээрх зогсоолуудын зай хангалтгүй, амархан дүүрэх аж.
Хотын төв хэсэгт байрлах автозогсоолд машинаа байрлуулах гэсэн боловч зогсоол дүүрсэн гэсэн бичгийг хармагцаа буцах жолооч нарыг өдрийн аль ч үед төвөггүй харж болно. Хэрэв иргэн үзвэр үзэх, хурал цуглаанд оролцох бол хэдий хугацаанд түгжирч байж очих вэ гэдгээс гадна зогсоол олдоцтой эсэх, хэр зай талбайтай вэ гэдгийг нь нарийн тооцоолохгүй бол хоцрох аж. “Зогсоол олдохгүй тул найз нь тойрч тойрч нэг юм хоцорч ирлээ” гэж утсаар ярих хүмүүс бидний дэргэд ч бий. Машинтайгаа ажилдаа ирдэг хүмүүст тулгардаг гол бэрхшээл нь хаана машинаа байрлуулах вэ гэсэн сонголт юм.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ш.Солонго “Өглөө ажилдаа ирэх үед зогсоол олддогүй. Тиймээс машинаа зогсоолд тавихын тулд дор хаяж 2-3 удаа тэр хавийнхаа газрыг тойрч явах шаардлагатай болдог. Зогсоолтой газрын ойролцоо түгжирч буй машинууд ойр байрлах уулзвар, эргэлт дээр 2-3 удаа тойрч явж байгаагаас үүдэж замын түгжрэл ихэсэж байгаа. Нийтийн болон төлбөртэй зогсоолын хүртээмж үнэхээр муу санагддаг. Төлбөргүй зогсоолд машинаа байршуулбал холбогдох утасны дугаараа бичиж үлдээгээгүй машинууд байх нь элбэг. Яаралтай гарах хэрэг боллоо гэхэд тэр машины жолоочтой ярих боломжгүй болно. Үүнээс болж ажлаас хоцрох тохиолдол их гардаг” гэв.
Тухайн иргэний хувьд хувиараа жижиг бизнес эрхэлж, үйлчилгээний байгууллага ажиллуулдаг тул алхам тутамд нь зогсоолын хүртээмжээс үүдсэн асуудал үүсдэг гэдгийг учирлаж байв.
2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 216.97 га талбайд 72,667 автомашины зогсоол байгааг мэдээлсэн. Үүн дотроос зөвхөн Бага тойруу орчимд гэхэд 184 байршилд 4857 зогсоол байгааг тоолсон байна.
Тиймээс автозогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр байршуулж, шинэчлэх шаардлагатай байгааг Нийслэлийн засаг даргын тамгын газрын ажлын хэсэг дүгнэсэн байдаг. Тус ажлыг 2022-2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ 13 мянган автозогсоолыг шинээр барих болон дахин төлөвлөхөөр шийдвэрлэсэн. Одоогоор энэ ажил хэр зэрэг явцтай байгаа талаар тодорхой мэдээллийг нийслэлээс өгөөгүй байгаа.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн зогсоолын төлбөрийг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн. Мөн тэрбээр зогсоолын төлбөрийг шинэчилж, стандарт мөрдүүлэх юм бол замын хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна гэсэн юм. Энэхүү шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх төлбөрийг хэд болгож шинэчлэн тогтоохыг НИТХ-аар хэлэлцэж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн өнгөрсөн долоо хоногт автозогсоолын цагийн төлбөрийг 2000-3000 төгрөг, машин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг НИТХ-д өргөн барьсан юм.
ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЧИХЭЭД НЭМЖ ЗОГСООЛЫН ТӨЛБӨР ТӨЛМӨӨРГҮЙ БАЙНА
Өдрийн цагаар түмэн хүн хөлхөлддөг баруун дөрвөн замд байрлах “Жем палас” худалдааны төв энэ хавьдаа хамгийн том зогсоолтой гэдгийг жолоочид хэлж байна. Тус худалдааны төвийн зогсоолд очих үед “Зогсоол дууссан, буцаад яв” хэмээн чанга дуугаар зарлах ажилтны дуу сонсогдож байлаа. Зогсоол олж чадаагүйдээ бага зэрэг бухимдсан жолоочид машиныхаа дуут дохиог хангинуулсаар буцаж байсан юм.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн н.Эрдэнэбилэг “Зогсоол тодорхой хэмжээний төлбөртэй байх нь мэдээж зөв хэрэг. Гэхдээ энэ тал дээр ганц шаардах зүйл нь нийтийн эзэмшлийн талбайд машин байршуулсны төлбөрийг нийслэлийн замын санд байршуулах. Биднээс авсан мөнгөөрөө шинэ зогсоол барих, стандартыг мөрдүүлэх ажлыг хийгээсэй гэж хүсэж байна.
Мөн үйлчилгээний байгууллага болон төрийн албаны гадаах зогсоол дан тус газрын ажилчдын машинаар дүүрчихдэг. Энэ асуудалд дорвитой шийдэл олоосой. Е-март сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийсэн бол баримтаа уншуулаад зогсоолд нь машинаа үнэгүй байршуулдаг нь таалагддаг байсан. Гэвч сүүлд Хан-Уулын Е-март дэлгүүрээс худалдан авалт хийсэн ч зогсоолын төлбөр хөнгөлөх тасалбараа өгөөгүй.
Мөн Галлерей улаанбаатар худалдааны төвийн автозогсоол нэлээд өндөр төлбөртэй. Худалдааны төвд нь үйлчлүүлж баримтаа авсан ч зогсоолын төлбөрөөс нь хөнгөлдөггүй” хэмээн санал сэтгэгдлээ хуваалцлаа. Томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд худалдан авалтын үнийн дүнгээс хамааран зогсоолын төлбөрийг тодорхой хэмжээгээр хөнгөлдөг байсан ч эхнээсээ зогсоож байгаа аж.
Мөн худалдааны байгууллагын үүдэнд өглөө эрт очиход ажилчдынх нь машин дүүрчихдэг тул тус газраар тухтай үйлчлүүлэх амаргүй байдаг. Зорьж ирээд үйлчилгээ авч буй тохиолдолд тухайн худалдааны төвийн гаднах автозогсоолд төлбөр төлөх шударга бус байгааг хэлэх жолоочтой чамгүй олон таарсан юм. Түр машинаа байрлуулаад өөр тийшээ явчихаад ирсэн хүмүүс төлбөрөө төлөх нь зөв гэсэн саналыг ч мөн дэвшүүлж байлаа.
Бөмбөгөр худалдааны төвийн автозогсоол 75 машины багтаамжтай. Гэвч тус худалдааны төвөөр өдөрт хэдэн мянган хүн үйлчлүүлдэг. Мөн Бөмбөгөрийн автозогсоолын зарим хэсэг машины дугуй өм цөм болж хагарч мэдэхээр замтай. Зах худалдааны төвийн зогсоол эгэн догонтой, эмх замбараагүй атал хотын төвийн барилгын ойролцоох нь шил толь шиг гялтган харагдах аж. Улмаар ойролцоох орон сууцын гадна талбайд машинаа байршуулснаар тухайн бүсийн оршин суугчид зогсоолгүй болох гэх мэт асуудал үүсдэг байна.
Хуучны орон сууцын гадаах автозогсоолыг дээрээс нь ажиглавал шагай эсвэл эвлүүлдэг тоглоомыг талаар нэг тараагаад замбараагүй болгочисон мэт харагдана. Зарим албан байгууллагууд гаднаа автозогсоолгүй тул ажилчид нь өглөө ирэхдээ машинаа эвтэйхэн байршуулах газар хайсаар дор хаяж 10-20 минутыг зарцуулдаг байна. Ингэж явахдаа нэг газраа хэд тойрсны эцэст ойролцоох орон сууцын гадаах зогсоолд шахаж тавьдаг аж. Үүнээс болж орон сууцын гадна талбайд олон тооны машин нэмэгдэж байршсанаар хүүхэд хөгшид ч тоглоомын талбайдаа аюулгүй нарлах боломж хумигдан, хаанаас ямар машин хөдлөх бол гэсэн битүүхэн айдас дунд өдрийг өнгөрүүлж байна.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Энэ сүр болгоод бичээд байх асуудал ер биш. Дэлхийн улс бүрт тулгараад байгаа зүйл. Шийдэл нь: 1.Нийтийн унаагаар зорч. 2.Цагаа тохируул. 3. Жолооч бүр машинаа замаар бусдад төвөг бололгүй жолоод. 4. Жолооч бүр зогсоолд машинаа бусдад саад болохгүйгээр байрлуулж сур. Хөдөөнөөс хотод орж ирэгсэд андашгүй, машинаа байрлуулсныг нь харчих. 5. Машины зогсоолын хураамж авагч сул зогсоол бий эсэх, хэдэн цаг зогсоолд тавихыг асуугаад хуваарил. Энэ 5 - ийг мөрдвөл зогсоолын будлиан арилна.
Mashinaa zogsoold tabih gej baahan ergej yabj bgaad zogsoold tabij chadahgyi zogsooliin mungu tuluud garch bna 10-20 minut ch geh shig amidraltai yum yariarai