Өнөө өглөөний 05:00 цагаас эхлэн орсон цасыг цэвэрлэхэд Хот тохижилтын газар болон дүүрэг, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн зам, талбайн 241 үйлчлэгч, тусгай зориулалтын 26 техник, тоног төхөөрөмжтэй ажиллаж, 18.7 тонн давсыг зам, талбайд цацаад байна.
Ингэхдээ халтиргаа, гулгаа ихтэй өгсүүр зам, талбай, гүүрэн байгууламжийн орчимд давс, бодис цацах гурван машин, зам цэвэрлэгээний шүүртэй таван машин ажиллаж байгаа бол явган хүний зам, талбайг цэвэрлэхээр бичил 10 техник, хэрэгсэл үйлчилгээнд гарчээ. Мөн хог тээврийн хоёр машин, цас зөөвөрлөх зургаан тонны багтаамжтай дөрвөн машин үйлчилгээнд ажиллаж байна.
Халтиргаа, гулгаа үүсэх магадлалтай гудамж, зам, талбай, өгсүүр замд буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сансрын туннель, Зайсан, Баянхошуу зэрэг байршил болон уулын замд давс, бодис цацаж байгаа юм. Мөн Сүхбаатарын талбайд тогтсон цасыг шүүртэй таван машинаар цэвэрлэж байна.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын нийт бие бүрэлдэхүүн бэлэн байдалд шилжин, ажиллаж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ дагуу цасаа цэвэрлэж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг албаныхан хэлж байлаа.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл ( 0 )