''Эрхэт Монгол'' групп “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, нэг сая мод тарина

2022 оны 03 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийгмийн хариуцлагаараа манлайлагч аж ахуйн нэгжүүд нэгдэж эхэллээ. Төрийн ордонд өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилсэн “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй дотоодын санхүүгийн байгууллагууд болон томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.

Тэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, 2030 он хүртэл хугацаанд мод тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл гарын үсэг зурлаа. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцов.

88 сая 600 мянган мод тарьж ургуулахаар нэгдлээ

 

“Тэрбум мод” аянд эхний ээлжинд нийт 17 мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж 88 сая 600 мянган мод тарьж ургуулахаар нэгдээд байна. Тухайлбал, Монголын банкны холбоо, тэр дундаа арилжааны 11 банк хамтран 50 сая мод тарьж ургуулах батламжаа гардан авсан юм. Мөн Хургатай хайрхан ХХК 10 сая мод, Нью прогресс групп ХХК 10 сая мод тус, тус тарьж ургуулах батламжаа авлаа.

Түүнчлэн даатгалын мэргэжлийн холбоод буюу Монголын даатгалын холбоо, Албан журмын даатгалын холбоо, Даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо хамтраад таван сая мод тарихаар болсон байна. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо хоёр сая, 750 мянга, Сэндли ББСБ нэг сая 750 мянга, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо нэг сая, 250 мянган мод тус, тус тарьж ургуулахаар болов.

Түүнчлэн ''Эрхэт Монгол'' групп нэг сая, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нэг сая, Ард санхүүгийн нэгдэл ХК нэг сая, МИК холдинг ХК  нэг сая, Эрдэнэ ресурс девелопмент ХК нэг сая, Грийнпинус ХХК нэг сая, Инвескор ББСБ ХХК нэг сая мод тус, тус тарьж ургуулах батламжаа гардан авсан юм. Мөн Бичил глобус финанс ББСБ 500 мянга, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Дээвэр нэгдсэн холбоо 300 мянга, Ханбогд кашимер ХХК 300 мянган мод тарих батламжаа авав

Ташрамд дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих гэнэ.

 

''Эрхэт Монгол'' групп нэг сая мод тарих батламжид гарын үсэг зурав

 

2021 оны “Үндэсний шилдэг бүтээн байгуулагч”-аар тодорсон ''Эрхэт Монгол'' групп “Тэрбум мод” мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд өөрийн хэрэгжүүлж буй барилга, орон сууц, хаус хотхоны төслүүддээ мод тарих, ногоон байгууламж бий болгохыг чухалчилж ирсэн байдаг.

Тухайлбал, Сэлбийн аманд баригдаж буй дөрвөн улирлын, тансаг зэрэглэлийн “Гранд Маршал” хотхонд 35 мянган мод тарьж байгаа бол 2022 оны босгон дээр нээлтээ хийсэн “Хайрын хот” хаус хорооллын 30 га талбайд 200 мянган ширхэг мод, бут, ”Хонхор” барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэсэн 141 га талбайд хэрэгжих “Парк Сити” орон сууц, худалдаа, үйлдвэрийн хороололд 500-550 мянган мод, бут, сөөг тарьж, ногоон байгууламжийн орчин, нөхцөлийг шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байгаа аж. Түүнчлэн Өмнөговь аймгийн 15 суманд нийт 250-270 мянган ширхэг мод, бут, сөөгийг 2030 он хүртэл аж ахуйн аргаар тарьж ургуулан, арчилж тордох төслийн нэгж байгуулан, тасралтгүй ажиллуулахаар төлөвлөжээ.

 

С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (61.115.30.9) 2022 оны 03 сарын 31

Bidend mod tarihaas chuhal ajil ikh l baih shig haragdah yum. Zugeer l neg ingej shoudaj argalj irsen ni nudend ilt. Yana daa. Mun ch jijighen bagtaamjtai tarhi. Turiin terguun ni helsen heleegui ergen toironoo zulegjuulj mod tariad boloh zuil shuu dee. Ene 2-d hiih ajil baidaggui yum baih daa.

0  |  0
Top