Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг 28 хувиар нэмэх шаардлагатай

2022 оны 03 сарын 31

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2022.03.30/ болсон.

Хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлох ажлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл хийсэн байна.

Хуралдааны дараа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан машины хэрэглээг дэмжих, эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг асуудлыг ярилцсан. Олон орон цахилгаан машины хэрэглээг дэмжиж байгаа. Тийм ч учраас манай улс олон улсын жишигт нийцүүлж ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар 492 цахилгаан машин байна. Манай улсад нийт 1.2 сая машин байгаа. Эрчим хүчний хувьд өнөөдөр үйлдвэрлэлээсээ хэрэглээ нь давчихсан байдалтай байна. Улаанбаатар хотод байгаа машины 20-30 хувь нь цахилгаан машин болоход эрчим хүчний хэрэглээ 15-20 мегаваттаар нэмэгдэнэ. Ингэхэд оргил ачааллын үеэс бусад үед цэнэглээд байж чадна гэж тооцсон. Цахилгаан машин цэнэглэдэг найман станц 2018 оноос хойш ажиллаж, 350-1000 төгрөгөөр 1 кВт эрчим хүчийг үнэлж цэнэглэж байгаа. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16.000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийсэн” гэсэн юм.

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц Ховд гол дээр баригдах 90 мегаваттын хүчин чадалтай станц. Өнөөдрийн байдлаар баруун бүсийн хэрэглээ 35 мегаватт байгаа. Энэ станц ашиглалтад орвол баруун бүсийг бүрэн хангана. Ажил эхлэх бүх бэлтгэл хангагдсан. Хамгийн гол асуудал бол нөлөөлөлд автсан иргэд байна.

Цахилгаан станц баригдах газарт 270 өрхийн 1251 иргэн байгаа. Үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж нөхөн олговор өгч байгаа. Үнэлгээг нэмэх талаар Засгийн газар дээр мөн ярьж байна. Сэргээгдэх эрчим хүчээр дэлхий нийт хэрэглээгээ хангадаг болж байна. Нар, салхины эх үүсвэр тогтвортой эх үүсвэр болж чаддаггүй. Тиймээс усан цахилгаан станцыг барьж байгуулах, ашиглахад онцгой анхаарах шаардлагатай хэмээн мэдэгдсэн. 

Үүний дараагаар тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцсэн орон нутгийн удирдлагууд нь Хятад руу бичиг явуулсан асуудал гарсан. Энэ юу болсон бэ?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, ногоон эрчим хүч, технологийн горимын тохируулгыг хийх чадамжтай эх үүсвэр. Тийм учраас энэ эх үүсвэрийг заавал барих ёстой. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг импортоор авч хангаж байгаа хараат байдлаасаа гарах ёстой. Байгалийн асар их нөөц боломж байгаа. Олон жил үргэлжилж байж өнөөдөр барилга угсралтын ажил явагдах хэмжээнд хүрсэн. Олон улс усны нөөцөө ашиглан эрчим хүчний хэрэгцээгээ хангаж байгаа. Бид ч тэгэх ёстой.

Харин нөлөөлөлд автсан иргэдийн төлөөлөл гомдол гаргаж байгаа. Иргэдийг бол ойлгож байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, газрын гарц муудсан энэ цаг үед малчид маань нүүдэл суудал хийх, шинээр өвөлжөө хаваржаа барих амаргүй байж таарна. Тиймээс иргэдтэйгээ ойлголцож, зөвшилцөж байж энэ төслийг хэрэгжүүлнэ. Олгох нөхөн олговор маань шинэ газар очоод шинэ газар очоод ажил, амьдралаа эхлүүлчих санхүүгийн дэмжлэг болж чадна гэж найдаж байгаа.

-Ойролцоогоор хэд орчим төгрөгийг нэг өрхөд өгөх вэ?

-Бид тооцоо, судалгаа хийчихсэн байгаа. Засгийн газраас албан ёсны шийдвэр гараагүй учраас мөнгөн дүн хэлэх боломжгүй байна.

-Тавантолгойн дулааны цахилгааны станцын тендерийн ялагчийг хэзээ зарлах вэ?

-Дөрөвдүгээр сарын нэгэнд энэ тендерийг нээнэ. Тендерийн материалыг худалдаж авсан БНХАУ-ын тав, ОХУ-ын нэг компани байгаа. Нээлт хийнэ гэдэг нь гүйцэтгэгч шалгарчихсан гэсэн үг биш. Маш том ажил учраас үнэлгээний ажил нэлээд удаан үргэлжлэх байх гэж бодож байна.

-Цахилгаан, дулааны үнэ өсөх байдал гарч байна. Үнийн өсөлтийг иргэдэд ачаалал болгохгүйгээр төсвөөс татаас хэлбэрээр шийддэггүй юм уу?

-Өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсвөөс эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг хаах зорилгоор татаас огт өгч байгаагүй. Засгийн газар өөрөө гаргасан хөнгөлөлтүүдтэйгээ холбоотой татаасуудыг л олгож байгаа. Ер нь одоо байгаа цахилгаан, дулааны хэрэглэгчийг үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай тооцоо, судалгаа гарсан. Өнөөдөр маш хүнд байна. Үнийг нэмэхгүй бол эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж байгаа.  

-Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэсэн. Үүнээс шалтгаалан үүссэн алдагдал, өр төлбөрийг барагдуулж байгаа юу?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаарын чанарын бүсэд хамрагдсан нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний үнийг төрөөс хариуцаж байгаа. Шөнийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл олон айл халаалтаа цахилгаанаар шийдэж байгаатай холбоотой. Төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан хэмжээнээс гүйцэтгэл давж байгаагаас болоод тодорхой хэмжээний өр авлага үүсч байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг дараагийн жилийн төсөвт суулгаад барагдуулаад явж байгаа. Тийм болохоор өнөөдрийн байдлаар онцын хүндрэл байхгүй. 

-Дөрөвдүгээр цахилгаан станцын Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг ажлын байрандаа архидан согтуурсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ хүнд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох уу?

-Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын захиралтай холбоотой гомдол яаманд ирсэн. Ажилтан, ажил олгогчийн хооронд гарсан маргааныг зохицуулдаг эрх зүйн зохицуулалт бий. Тийм учраас бид шүүхэд хандахыг хүссэн. Технологийн тасралтгүй үйл ажиллагаатай, стратегийн ач холбогдолтой үйлдвэр учраас ямар нэгэн маргаан үйл ажиллагаанд нөлөөлж болохгүй. Тийм ч учраас Ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагын шалгалтаар зөв бурууг эцэслэн тогтоосны дараа хариуцлага тооцох асуудал яригдана.

-Тус үйлдвэрийн ажилтан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Энэ талаар удирдлагууд мэдсэн үү. Нуун дарагдуулахыг оролдсон гэдэг нь үнэн үү?

-Дөрөвдүгээр станц дээр хүний амь нас эрсэдсэн үйлдвэрлэлийн осол гарсан нь үнэн. Үйлдвэрлэлийн ослыг нуусан, нуун дарагдуулахыг оролдсон зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Ээлжинд гарч байсан ажилтан үзлэг хийж байхдаа гэмтсэн тоноглолыг засах гэж байхдаа хүчдэлд нэрвэгдэж амь насаа алдсан. Мэргэжлийн байгууллагуудын шалгалтын дүн эцэслэн гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана. 

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.27.51) 2022 оны 04 сарын 01

Ажлаа хийж сур. Цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өмнө иргэдийн төлбөрийн чадвар, өрхийн орлого яаж байгааг судалж үз. Монголын хилээр өдөр бүр урсан гарч байгаа байгалын баялаг алт, зэс, төмрийн хүдэр, коксжсон нүүрс, мөнгө, түүхий нефть бусад дагалдах ашигт малтмалын орлого хэрхэн зарцуулагдаж байгааг тодорхой болгож баялгын хувиарлалтыг тэгш хүртээмжтэй болгохоор хуульчилсны дараа үнэ нэмэх асуудлыг ярих хэрэгтэй. Эхлээд ард нийтийн эрх ашгийг дээдэлж сур. Мэдэхгүй бол наанаасаа зайл Тавинбэх гэсэн үү чамайг.

0  |  0
Зо(43.242.243.146) 2022 оны 03 сарын 31

Энэ пяхлу юу хууаад байгаан бэ??хаашаа ч зарж чадахгуй байгаа хямд нуурс ашигладаг биздээ цахилгаан станц чинь!!! Лалруудыг алхынсан!!Гурил талх мах хямд байна гээд зарим лалар хуцсан!!

0  |  0
Top