ОЛОН ӨНГӨ: Хохирогчийг шүүмжилдгээ хэзээ болих вэ!

2022 оны 04 сарын 01

Согтуу бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэг гарлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг шуугиж байна. Гэтэл хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншвал хэрэг үйлдсэн хүнээс илүүтэй энэ нийгмийн иргэдийн сэтгэлгээ аймшигтайг харж болно. Хэлэхээс ч жихүүдэс төрмөөр, яаж хүний бодлоос гардаг байна аа хэмээн уулга алдаж, гайхашрал төрж, эмзэглэмээр сэтгэгдлүүд олныг уншиж болохоор. Нийтлэг нэг ойлголтыг олон талаас нь бичсэн байлаа.

Эмэгтэй хүн байж тасартлаа ууж болохгүй хэмээх байр суурийг бичиж, хохирогч бүсгүй рүү илт дайрсан сэтгэгдлүүд байсан юм. Энэ бол өнөөгийн нийгмийн бодит дүр төрх. Яагаад согтуу ч бай, эрүүл ч бай, өнөөдөр бид аюулгүй зорчиж чадахгүй байгаа юм бэ. Хэн нэгэн хүний адын хүслийг гүйцээхэд согтуу, эрүүл, хөгшин, залуу огт ялгаа байхгүй. Зөвхөн согтуу байдлаас үүдэж ийм хэрэг гарч байгаа юу гэвэл үгүй.

Эрүүл атлаа хүчирхийлэлд өртсөн тохиолдолд монголчууд бас л хохирогч руу дайрдаг. Задгай хувцасласан болохоор бусдын адын хүслийг төрүүлж байгаа юм хэмээн илт дайрсаар л. Хувцастай, хувцасгүй, задгай, битүү ямар ч төрлийн хувцас өмссөн байлаа гэсэн хохирогч болдог гэдгийг ойлгодоггүй. Хэдэн ч жил өнгөрсөн энэ хандлага огтоос өөрчлөгдсөнгүй. Хохирогч бол хохирогч. Хохирогч болоход нас, хүйс, баян, ядуу, хувцастай эсэх огт хамаагүй.

Шулуухан хэлэхэд, өөрсөд дээр нь эс бөгөөс дотнын хэн нэгэнд нь ийм асуудал үүссэн цагт л хохирогчийг шүүмжилдгээ болих биз ээ.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн шиг бай(66.181.161.70) 2022 оны 04 сарын 01

Ёстрй үнэн. Хүмүүсийн сэтгэхүй ер нь гаж буруу болж байна. Ээж эгч эмэгтэй дүүтэй охинтойгоо ялгаа юу байхав адилхан гэж яагаад зүйрлэж боддоггүй юм бэ. Хүний эрх гэдэг асуудлаа хүчирхийлэл дээр л ярих ёстой. Хүн бүхэн айдасгүй аюулгүй орчинд тайван амьдрах эрхтэй. Хэн хэзээ ч хүний биед халдах хүрэх ёсгүй.

1  |  0
Top