Өнөөдөр /Өчигдөр/ Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл удирдан явуулж дүүргийн эрүүл мэндийн байгууллага болон цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудын авч хэрэгжүүлсэн ажлын явц, цаг үеийн мэдээллийг сонсож, комиссын гишүүдэд яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгавар өглөө.
Хуралдаанаар Шуурхай штабын дарга Х.Алтаншагай цаг үеийн нөхцөл байдал авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар комиссын гишүүдэд мэдээлэл өглөө. Дүүргийн хэмжээнд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх шинжилгээний цэг, дархлаажуулалт, тандалт хариу арга хэмжээний зохион байгуулалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэр дэх гэмт хэргийн нөхцөл байдал, хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил мөн дүүргийн хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалт, ажлын явц, үр дүн, зохион байгуулалтуудын талаар холбогдох хэлтэс албадын дарга нар мэдээллээ танилцуулан санал солилцлоо.
Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтын арга хэмжээг эрчимжүүлж ажиллуулах тухай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг камержуулж хүрээлэн буй орчныг хамгаалах талаар анхаарч ажиллах, дүүргийн хэмжээнд хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )