“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа сар үргэлжилнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-н хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал дэлгэгдэх юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хамтран зохион байгуулж буй тус өдөрлөгт 80 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байна.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эхний долоо хоногийн үзэсгэлэн худалдаа гарч байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд хүнсний чиглэлийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарна. НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан асар, талбайг үнэ төлбөргүй болгосон. Энэ долоо хоногийн үзэсгэлэнд 80 гаруй аж ахуйн нэгжийн 1200 орчим бүтээгдэхүүнийг дэлгэн, борлуулж байна. Түүнчлэн төрөл бүрийн инновац шингэсэн бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай газар сар бүр томоохон арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 60 асар гарсан” хэмээв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид асар болон автомашины зогсоолыг үнэгүй ашиглуулж байгаад талархал илэрхийлж байлаа. Мөн иргэдийг үзэсгэлэн худалдаагаар өргөнөөр үйлчлүүлж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байв.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top