"Хуучин хувцасны бөөний худалдаа", "Комиссын бараа" гэх мэт хуучин хувцас зардаг дэлгүүр хотын захаар, эсвэл томоохон худалдааны төвийн нэгээхэн хэсэгт л харж байлаа. Гэтэл хүмүүсийн шүүмжилдэг энэ бүтээгдэхүүнийг сонирхолтойгоор худалдаалж байгаа нэгэн дэлгүүрээр зочилсон юм.
Хотын гудмаар алхаж явтал хаалганаасаа эхлээд л сонирхол татам, элдэв янзын зүйлээр чимэглэсэн дэлгүүр нүдэнд тусав. Энэ бол хуучин хувцасны "ТОЙРОГ" дэлгүүр.
Харахад л ормоор санагдахуйц энэ сонирхолтой дэлгүүрийг хог хаягдал дахин боловсруулж, ашиглах сонирхолтой залуус хамтран хоёр жилийн өмнө нээж байжээ.
Хүмүүс шинэ хувцас аваад түүнийгээ хуучрахаар нь хаях эсвэл шатаадаг бол энэ дэлгүүрийн залуус тэдгээр хувцсыг хаяхаас нь өмнө худалдаж авдаг. Улмаар эргэлтэд оруулж, шинэ эзэнтэй болгодог. Тиймээс ч дэлгүүрээ "ТОЙРОГ" хэмээн нэрлэжээ.
"ТОЙРОГ"-оор ихэвчлэн залуучууд үйлчлүүлдэг. Өмд, цамц, гутал гэх мэт хувцас худалдаалахаас гадна Залуу уран бүтээлчдийн хийсэн ээмэг, зүүлт, үсний хавчаар гэх мэт жижиг хэрэглэл, чамин зүйлс ч энд бий.
Монголд байгаа комиссын дэлгүүрүүд бүгд л гаднаас хувцас их хэмжээгээр оруулж ирж, худалдаалдаг бол "ТОЙРОГ"-т худалдаалагдаж байгаа хувцаснуудын 80-90 хувь нь монголчуудаасаа худалдаж авсан байдаг.
Дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд бүгд тогтсон үнэтэй. Тухайлбал, футболка нь 5000-10.000 төгрөг, хилэн өмд 25.000-30.000 төгрөг гэх мэт.
Эдгээр бүтээгдэхүүнээс хамгийн их борлуулалттай байдаг нь залуу уран бүтээлчийн гаргадаг зүүлт гэнэ. Харин хувцаснаас бол хилэн өмд хамгийн их зарагддаг байна. Долоо хоног бүрийн баасан гарагт шинэ хилэн өмд задалж гаргахад амралтын өдрөөр л дуусчихдаг аж.
"Ээж маань хуучин хувцас гэхээр дурамжхан хүлээж авдаг байсан юм. Харин намайг энэ ажилд орсноос хойш гэрийнхний маань хандлага өөрчлөгдөж байгаа" хэмээн ярих энэ охиныг Б.Есөн-Эрдэнэ гэдэг. Тэрбээр "Тойрог"-ийн менежер. Дэлгүүрийн ажилчдын дотоод нэршлээр бол ANGEL.
Б.Есөн-Эрдэнэ хуучин хувцас өмсөх дуртай гэнэ. Учир нь хаанаас ч хайгаад олохгүй, өвөрмөц загварыг хуучин хувцас дундаас олж авдаг аж.
Мөн тэрбээр хувцасны байгальд үзүүлэх хор хөнөөлийн талаар "Хүмүүсийн хэрэгцээ, хүсэл хязгааргүй болчихсон. Түүнийг дагаад үйлдвэрлэл нэмэгдэж, нэг загварын хувцсыг маш олноор нь гаргаж байна. Үүнийг дагаад секунд тутамд нэг том ачааны машинтай дүйцэхүйц хэмжээний хувцас байгальд хог хаягдал болж үлддэг.
Нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд нэг хүний амьдралынхаа туршид уух хэмжээний усыг зарцуулдаг. Нэг даавуун пудволкийг хийхэд нэг хүний 7.5 жилийн усны хэрэглээтэй тэнцэхүйц ус зарцуулдаг гэх мэт хувцас үйлдвэрлэх нь байгальд маш их хор хөнөөлтэй. Тиймээс залуус бид эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг сонголт хийдэг байх хэрэгтэй" хэмээн ярьсан юм.
Дэлгүүрийн залуус улиралд нэг удаа "Хувцас худалдан авах сар" гэх арга хэмжээ зохион байгуулж, нэгдсэн байдлаар хувцас худалдан авдаг. Ингэхдээ нэг кг хувцсыг 5000 төгрөгөөр авдаг байна.
Ингэж худалдаж авсан хувцаснуудыг дахин шинэ загварт оруулдаг "Retoirog" хэмээх залуу зохион бүтээгчдийн нэгдэл байдаг аж. Тэд хувцаснуудыг хольж, хаана ч байхгүй шинэ хувцасны коллекци гаргадаг гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Хаяг нь хаана байдаг вэ ?
хаяг нь хаана вэ\n
Хаяг\n