Таван толгойд эрдэм шинжилгээний хурал боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт зориулсан хоёрдугаар хуралдааныг өчигдөр /2022.04.03/ Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний онол, арга зүйн хурлын зорилго нь Шинжлэх ухааны салбарын бодлогын шинэчлэл, тулгамдаж буй асуудлаар удирдлагын болон эрдэм шинжилгээний байгууллагууд санал солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг цэргийн шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгдсэн юм.

Эрдэм шинжилгээний хурлын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга Б.Баярмагнай, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мөнхбат, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, Боловсрол шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, яамдын ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар болон ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, БХЭШХ-ийн захирал хурандаа Б.Эрдэнэбат болон эрдэмтэн судлаачид оролцлоо.

 

 

Хурлыг ажиллагааг нээж Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа үг хэлсэн бөгөөд тэрээр БХЯ-ны ШУТЗ-өөс “Алсын хараа-2050” баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд батлан хамгаалах талаар тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг онцлон дурдаж, эрдэмтэн судлаачдын хурлын ажиллагаанд амжилт хүслээ.

Боловсрол шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох хурлын ажиллагаанд үг хэлэхдээ Шинжлэх ухааны тэргүүлэх зорилго, зорилтуудыг ханган биелүүлэхэд Та бидний хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга цаашдын ажиллагаа нэн чухал гэдгийг онцолсон юм.

Энэхүү хуралд Боловсрол шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох “Шинжлэх ухааны салбарын бодлого, шинэчлэл”, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Оюунцэцэг “Улсын захиалгатай төсөл, цөм технологийн төслийг оновчтой захиалах, хэрэгжилтийг хангах асуудал”, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мөнхбат “ШУТҮЗ болон яамдын ШУТ-ийн зөвлөлийн үйл ажиллагааны уялдааг хангах асуудал”, БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Содномцог “Батлан хамгаалах яамны ШУТ-ийн зөвлөлийн үйл ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл мэдээлэл хийв. Хуралд оролцогчид хурлаар хэлэлцсэн илтгэлүүдтэй холбоотой шинжлэх ухаанч, асуудлын мөн чанарт хандсан, цаашид санаа авахуйц олон чухал асуултыг асууж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь хурлын үйл ажиллагааг улам сонирхолтой болгосон бөгөөд хуралд оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Үдээс хойш зочид төлөөлөгчид Батлан хамгаалах яамны инноваци шингэсэн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон буудлагын талбайд тусгай зориулалтын “Чоно”, “Хилэнцэт”, “Мазаалай”, “Ёл” автомашинуудын буудлага, жолоодлогыг үзэж сонирхлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top