Япон улсын ЭСЯ-наас ШУА-д ном бүтээл хандивлалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Япон Улсын ЭСЯ-наас тус хүрээлэнгийн номын санд “Японы Дипломатын Хөх ном-2021”, Японы “Батлан хамгаалахын Цагаан ном”, Японы Үндэсний Батлан хамгаалах судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хятадын аюулгүй байдлын тайлан”, “Зүүн Азийн стратегийн тойм” зэрэг ном, бүтээлүүдийг хүлээлгэн өглөө. Япон Улсын ЭСЯ-наас тухайн жил дэх дипломат үйл ажиллагааны хураангуй тайлан болох “Японы Дипломатын Хөх ном”-ыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор жил бүр хандивладаг болно.

Японы “Батлан хамгаалахын Цагаан ном” нь Японы батлан хамгаалахын өнөөгийн байдал, Хятадын арми, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалтаас гадна сансар огторгуй, кибер аюулгүй байдал зэрэг аюулгүй байдалтай холбоотой дэлхийн улс орнуудын цэрэг-батлан хамгаалахын бодлогын асуудлыг тайлбарласан Япон Улсын Батлан хамгаалах яамны тайлан юм. Анхны хэвлэл нь 1970 онд тухайн үеийн Японы Батлан хамгаалах агентлагийн дарга, хожим Ерөнхий сайдын албыг хашсан Ясүхиро Накасонэгийн удирдлаган дор хэвлэгдэж, 1976 оноос хойш жил тутам гарах болсон байна.

Японы “Дипломатын Хөх ном” нь Япон Улсын Гадаад харилцааны яамнаас эрхлэн гаргадаг Япон улсыг тойрсон олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт хувиралт, түүнд баримталж буй тус улсын гадаад бодлогын чиглэл хандлага, дипломат харилцааны өрнөл, үйл ажиллагааг тайлбарласан тухайн жил дэх тус улсын дипломат үйл ажиллагааны талаарх хураангуй тайлан болно. Анхны дугаар нь 1957 онд “Японы Дипломат харилцааны өнөөгийн байдал” нэрээр гарсан ба 1987 оноос буюу 31 дэх дугаараасаа эхлэн өнөөгийн нэрээрээ хэвлэгдэх болжээ. 

Дээрх хоёр номоос гадна Япон Улсын Засгийн газар дангаараа жил бүр “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эдийн засаг, төсвийн тухай Цагаан ном”, “Хууль зүйн яамны Цагаан ном”, “Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Цагаан ном” зэрэг 40 гаруй цагаан ном гаргадаг байна.
Та бүхэн доорх ном бүтээлүүдтэй хүрээлэнгийн номын санд хүрэлцэн ирж танилцах боломжтойгоос гадна Япон Улсын холбогдох байгууллагын албан ёсны цахим хуудаснаас нь чөлөөтэй үзэж танилцах боломжтой юм.

  1. Diplomatic bluebook 2021, Ministry of Foreign Affairs, Japan
  2. East Asian Strategic review, The National Institute for Defense Studies Japan, 2020
  3. NIDS China Security Report 2021, China’s Military strategy in the New Era, National Institute for Defense Studies, Japan
  4. NIDS China Security Report 2020, China goes to Eurasia, National Institute for Defense Studies, Japan
  5. Defense of Japan, Japan Ministry of Defense, 2021
  6. 防衛白書、日本の防衛、令和3年版
  7. Defense of Japan, Japan Ministry of Defense, 2020

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top