Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын нийтлэг стандарт хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн хүрээнд “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага MNS 6948:2021” стандартыг 2021 онд баталсан. 

Энэхүү стандартыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх дадлага сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АНУ-ын Тусламжийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
 

 

Сургалтын нээлтэд Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Л.Болдбаатар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Кайно Аяако нар оролцож, гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудлын ач холбогдол, салбар дундын хамтын ажиллагаа, бэлэн байдлын ач холбогдол цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ талаар нэгдсэн мэдээлэл өглөө.

“Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд явагдах тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтнүүд, нийт 70 гаруй хүн хамрагдаж байгаа юм.

 

 

Сургалтаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Должинхорол, НҮБ-ийн “Хүүхдийн сан”-ийн зөвлөх С.Энхтуяа, МУБИС-ын багш М.Нямдорж, Х.Өлзийтунгалаг нар  “Хүүхэд хамгаалал”, “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал”, “Бэлэн байдал ба хариу үйлчилгээ”, “Гамшгийн үед гэр бүлд түшиглэсэн асрамж халамжийн хувилбарт үйлчилгээ”, “Бэлэн байдлын төлөвлөлтөд хүүхэд хамгааллыг тусгах нь” зэрэг 12 сэдвээр лекц уншиж, сургалт дадлага зохион байгуулна.

Энэхүү сургалт нь гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах  үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top