Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар өчигдөр /2022.04.05/ НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт иргэдтэй уулзлаа.
Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Манба дацан хийд орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу барих барилгын ажил удааширснаас 85 өрхийн 600 гаруй иргэн есөн жилийн турш хүлээж байгаа тухай тус дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Магван мэдээлж, яаралтай иргэдэд ээлтэй шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргын орлогчоос хүссэн юм.
Тус уулзалтад Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Хот байгуулалт, хөгжлийн газрын Орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Шижирбаяр, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар оролцож, иргэдийн асуултад хариулт өглөө.
Иргэн Б.Магван нарын гурван иргэний хөндөн тавьсан асуудлыг салбар хариуцсан орлогч, холбогдох алба, агентлагийнхан сайн мэдэж байгааг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү хэллээ. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн гуравдугаар сарын 4-ний өдөр тус барилгын угсралтын ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2022 оны II улиралд багтаан эхлүүлэхийг даалгасан.
Гэсэн хэдий ч иргэд Монгол орны уур амьсгалын онцлогоос шалтгаалан ажлыг яаравчлан эхлүүлэх хүсэлт тавьсан юм. Төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэхээс татгалзжээ. Мөн гэрээ байгуулан, газраа чөлөөлсөн 85 өрхийн хүмүүс түрээсийн орон сууцанд хэтэрхий удаан аж төрж, ая тухгүй байгаагийн дээр гурван ч хүн өөд болсон байна.
Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн компаниар гүйцэтгүүлэхээр бүрэн дүүрэн хэрэгжих боломжгүй байгаа тухай иргэд хэлж байлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан тус газарт дэд бүтэц тавих болоод иргэдийн орон сууцны түрээсийн төлбөрийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж буй юм. Барилгын компаниуд ашиг орлогоо эхэнд тавиад барилгаа барихгүй, газраа чөлөөлж, барилга барих зөвшөөрөл олгосон иргэд хэт удаан хүлээх зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй байгаа тул гэр хорооллын дахин төлөвлөлтийг хот хариуцан ажиллавал илүү өгөөжтэй, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гэх мэт нийгмийн дэд бүтцийг хамтад нь шийдэх болно гэсэн санал иргэдээс гарч байлаа.
Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар энэ долоо хоногтоо багтаан бүх өрх, иргэдтэй дахин уулзах, уулзалтад төсөл хэрэгжүүлэхээр санал өгсөн “Монгол угсаа” ХХК-ийн төлөөлөл болон нийслэлийн асуудал хариуцсан албан хаагч нарыг байлцуулан барилга угсралтын талаар нягтлах шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг даргын орлогчтой уулзсан удаах иргэн Б.Оюунчимэг ч мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хөндөж, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулж буй компанийг солих хүсэлтэй байгаагаа хэлсэн.
Уг төсөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр “Хера пропертийз” ХХК шалгарч, 13 блок 584 айлын барилга барьж, ашиглалтад оруулаад байгаа юм. Иргэн Б.Оюунчимэг нь төсөл хэрэгжүүлэгчтэй тохиролцоонд хүрээгүйн улмаас гэрээ байгуулаагүй аж. Нэгэнт тухайн иргэн төсөлд хэрэгжүүлэгчидтэй гурван талт гэрээ байгуулаагүй учир Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан эрх, үүргийг шаардах эрхгүй гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарласан юм.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл ( 0 )