Наркологийн эмнэлгээс Архидан согтуурах явдлыг бууруулахад эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, донтох эмгэгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулахад хамтран ажиллах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх уулзалт семинар энэ сарын 05-нд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгуулагдах гэж байна.
Монгол улсын архины хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлаас харахад 2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн байна. Архины шалтгаантай нас баралт жил бүр нэмэгдэж, өнөөдөр жилд 4500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас баржээ. Энэ нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд 2100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барсантай харцуулахад архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин илүү байгаа юм.
Архины хэтрүүлэн хэрэглээ, түүний хор хөнөөл нь хүний бие махбодь, эрхтэн тогтолцоонд асар их нөлөөлж, хүн эрүүл мэндээрээ өөрөө хохироод зогсохгүй бусдад хор хөнөөлтэй байдлыг үүсгэж байна. Тухайлбал, авто тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг нийгэмд авчирдаг. ДЭМБ-аас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд “аюул учирсан” гэж үздэг. Гэтэл манай улсад 12 литрт хүрч, 21-ээс дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литрт хүрсэн байгаа нь архидалт, архины хэрэглээ өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрснийг харуулж байна. Манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй буюу ойролцоогоор 90 орчим мянган хүн хамааралтай байна. Цаашид архидалтыг бууруулах тодорхой арга хэмжээ авахгүй явсаар байвал энэ тоо хоёр зуун мянгад хүрч, жилд арван мянга гаруй хүн архины хамааралтайгаар нас барч болзошгүй. Тиймээс архидан согтуурах явдлыг бууруулахад эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, донтох эмгэгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулахад хамтран ажиллах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд энэхүү хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
Уулзалт, хэлэлцүүлгийн хөтөлбөр:
Сэтгэгдэл ( 0 )