Нийслэлийн Онцгой байдлын газар мэргэжлийн байгууллагатай хамтран ISO 45001-2018, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын менежементийн тогтолцоог нутагшуулах ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдийн албан тушаалтнуудад Олон улс болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, техник, технологитой холбоотой аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг таниулах, мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням сургалтад хамрагдагсадтай уулзаж шинэ мэдлэг, мэдээллээ эрхэлсэн ажилдаа нэвтрүүлэх, ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан бусадтай хуваалцаж, дуудлага хүлээн авагчаас хэлтсийн дарга хүртэл шат шатандаа аюулгүй ажиллагааг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон юм.
Сургалтад бүтцийн нэгжүүдийн 35 алба хаагч хамрагдаж, Олон улсын болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа шинжлэх ухаан, техник, технологитой холбоотой аюулгүй ажиллагааны дүрэм, журам, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, эрсдэлийг удирдсанаар хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалсан осол гэмтэл, өвчлөлөөс алба хаагчдыг сэргийлэх талаар мэдлэг эзэмшиж, мэдээлэл сонслоо. Мөн сургалтын үеэр алба хаагчдыг 6 бүлэгт хуваагдан албан тушаалын ангиллаар ажлын байрны эрсдэлийн үнэлгээг зохион байгуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулав.
Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудад 2-оос доошгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг мэргэшүүлснээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )