Эдийн засгийн форумаас их зүйл хүлээж байна

2022 оны 04 сарын 08

Сүүлийн үед цар тахлаас үүдэлтэйгээр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн форум” хоёр жил болоогүй. Харин энэ жил нэлээд чухал ач холбогдол дор өрнөхөөр салбар хоорондоо урьдчилсан хэлэлцүүлэг явж байна.

Саяхан “Монголын Эдийн засгийн чуулган-2022”-ныг угтсан салбаруудын хэлэлцүүлэг “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр явж өндөрлөсөн нь томоохон бодлогод нөлөөлөхүйц үйл явдал өрнөв. Уг хэлэлцүүлэгт Хууль зүй дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан.

Уг хэлэлцүүлгээр “Төрийн бүтээмжийн сэргэлт, Эрхзүйн шинэтгэл”, “Төрийн өмчит компаниудын засаглалын ил тод байдал”, “Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны шинэчлэл”, “Төрийн бүтээмж ба цахим шилжилт”, “Төр-хувийн хэвшлийн түншлэл” зэрэг сэдвээр илтгэл тавьж бизнес эрхлэгчдийн төлөөллийн хамт хэлэлцсэн юм. Энэ пүрэв, баасан гарагт болох эдийн засгийн чуулганаар “Шинэ сэргэлт”-ийн зургаан бодлогыг танилцуулна. Эрх баригчдаас өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон XXX Их хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого” тунилцуусан. Энэ нь 100-120 их наяд төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалт, үйлдвэр үйлчилгээг бий болгохоо төлөвлөсөн.

Энэ удаагийн хэлэлцүүлэг энэ сэдвийн дагуу өрнөнө. Өнгөрөгч хэлэлцүүлгүүдээс дэвшүүлэн гарч буй санал, илтгэлийг “Монголын Эдийн засгийн форум-2022”-ын чуулганд оруулж улмаар 15 сэдвээр нэгтгэн хэлэлцэнэ хэмээн форумыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Тэрээр, “Энэ удаагийн Эдийн засгийн форумаас бид Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг Төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын сонирхолыг илүү ихээр, “Шинэ сэргэлт”-ийн зургаан бодлого руу татаж оруулах, илүү дэлгэрэнгүй танилцуулж, ойлгуулах зорилгыг агуулж буй”-г тодотгов.

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100 гаруй томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 10 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ бол эхний тооцоо хэдий ч цаашид олон зүйлийг төлөвлөж байгааг дуулгасан. Энэ нь үүгээр өндөрлөхгүй “Монголын Эдийн засгийн форум-2022”-ын урьдчилсан хэлэлцүүлэг “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр болж, “Аж үйлдвэрийн сэргэлт” сэдвээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд “Хот, хөдөөгийн сэргэлт”-ээр нийслэл болон бусад яамны оролцоотойгоор, “Боомтын сэргэлт” сэдвээр Сангийн яам, ЭЗХЯ-нд, мөн “Ногоон хөгжлийн сэргэлт” сэдэвт хэлэлцүүлгийг БОАЖЯ тус тус зохион байгуулсан. Ингэхээр үндсэн хэлэлцүүлэг салбар салбарын бодлогыг танилцуулна. Монголчууд бидэнд тулгарч буй хамгийн том асуудал бол уул уурхайн түүхий эдээ дэлхийн зах зээлд борлуулах. Үүнийг гагцхүү тээврийн асуудалд тулгуурлна.

 

ТӨМӨР ЗАМ

 

Монгол Улсын эдийн засгийг сэргээн тэтгэх томоохон хүчин зүйл бол төмөр зам бөгөөд сүүлийн жилүүдэд төмөр замын салбарт олон бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. Тэдгээрээс хамгийн томд тооцогдох Зүүнбаян-Ханги чиглэлийн 414.6 километр төмөр замын хөдөлгөөнийг нээх болсон сайхан мэдээ байна. Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сард Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Засгийн газар, зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгчдийн хамт очиж төмөр замын шавийг нь тавьж байв.

Тухайн үед говь цөл газрын хэвлий дундуур олон зуун километр төмөр зам тавина, түүгээр тээвэр хийнэ. Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн байдал таагүй, төмөр замын өөрийн барих өртөг өндөр гээд олон хүчин зүйл тулгарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Хамгийн гол нь “дотоодын хөрөнгө, хүчээр төмөр зам барина” гэдэгтээ хүрч төмөр замаар түүхий эдээ зөөнө.  

Ийнхүү Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжлийн баг хамт олон цаасан дээр байсан тогтоолыг зураг төсөл болгон, ажил эхлэхэд бэлэн болгож өгч байснаар төмөр зам гараанаас гарч байсан түүхтэй.

Үүнийг “Эрдэнэс Тавантолгой”-н ашиг 800 гаруй тэрбум төгрөг бөгөөд 750 тэрбум төгрөгийг төмөр замын бондыг худалдаж авах чиглэлээр хөрөнгө оруулахаар болсон. Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгож хөгжүүлэх ёстой. Өмнө нь нэг километр төмөр замыг 3.2 сая ам.доллараар барих саналыг компаниуд ирүүлж байсан ч Засгийн газрын шийдвэр гарсны дараа саналаа татаж авсан. Монголчууд өөрсдөө төмөр зам барихад нэг километрыг нь 1.2 сая ам.доллараар барих боломжтой. ЗХЖШ сүүлийн гурван жилийн хугацаанд судалгаа хийж тооцоо гаргасан. Бид өөрсдөө төмөр замаа барина. Боломж байгаа” хэмээн зүтгүүлж байсныг ч мартаагүй байх.

Гэтэл өнөөдөр ээрэм талын дундуур зурайж боссон ган зам хөдөлгөөнөө нээж байгаа нь монголчууд бидэнд ямар их хүч, хөрөнгө байгааг төвөггүйхэн харуулж байна. Энэ нь гэнэт 2019 онд яриад босгочихсон зүйл биш. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан зүйл юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар уул уурхайн эрдэс баялаг, бүхий л бүтээгдэхүүнийг зардал багатай тээвэрлэнэ.

Үүнээс гадна уг төмөр замын 30 километрын радиуст Цагаан суварга, Хармагтай, Манлай гээд том том уурхайнууд байгаа нь хэтдээ тэднийг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон гүүр болж байгаагаараа онцлог юм. Мөнхүү Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа Газрын тос нэрэх үйлдвэртэй холбогдоно гэхээр Монгол Улсын хөгжлийн нэгэн томоохон зураг харагдана.

 

ДАГУУЛ ХОТ

 

Хөшигийн хөндийд дагуул хот байгуулах Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ үеэр холбогдох албаныхан "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн 34 мянган айлын орон сууцны хороолол барих ерөнхий төлөвлөгөө батлагдсан.

Мөн "Шинэ Зуунмод", "Майдар хот"-ыг байгуулах ерөнхий төлөвлөгөө батлагдаад буй. Нийт 2000 орчим тээвэр ложистикийн төв байгуулна. Мөн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг байгуулна. Нийт 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөгөө гарсан. Олон улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс болно. Төв аймгийн Сэргэлэн сум нь хоёр хотыг хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжих болно.  Бид аравдугаар сардаа багтан ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж, Засгийн газраар батлуулна" хэмээж байсан.

Хөшигийн хөндийн орчмын нэгдсэн төлөвлөлтийг хийж буй шалтгаан нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал баригдсан. Энэ хүрээнд 12 мянган га талбайг тусгай хэрэгцээнд авч нийт 34 мянган айлын орон сууцны хороололтой ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн “Шинэ Зуунмод” хот, түүний хажууд 12 мянга га “Майдар” хот барих төлөвлөгөө батлагдсан юм. Шинэ Зуунмод хотыг дайраад "Богд хаан" төмөр зам буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана.

Ингэснээр тээвэр ложистикийн томоохон төв болно. Уг төв нь 2000 орчим га талбайг хамарсан тээвэр ложистикийн төв юм. Энэ бүхэнтэй ажлын байрыг дээрх төвүүдтэй уялдуулах ёстой гэдгийг дуулгасан. Ажлын байрны хангамжийг орчин үеийн технологийг холбосон үйлдвэр технологийн парк байдлаар төлөвлөж байна. Нийт Хөшгийн хөндий орчимд 150 мянга гаруй хүн амтай дагуул хот болно гэж төлөвлөлтөд тусгасан юм.

Шинэ нисэх буудлыг түшиглээд аялал жуучлал, эдийн засгийн том төвтэй болно. Энэ төв нь олон улсын зэрэгт нийцсэн эдийн засгийн тусгай бүс байхаар төлөвлөсөн гэдгээ дуулгасан. Одоогийн байдлаар биднээс хүлээж байгаа зүйл бол төмөр зам, дагуул хотын асуудал. Эхний ээлжинд энэ хоёр асуудлаа шийдэхэд “Зам дагаж хөгжил” гэдэгчлэн томоохон асуудлаа зохицуулах боломж байгааг энэ удаагийн Эдийн засгийн форумаар хэлэлцэх юм.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.181.127) 2022 оны 04 сарын 08

ерөнхий сайдыг томоор сэтгэж ярьж байх хооронд чинь хүмүүс өлөсж сөхөрч үхлээ шүү юун шинэ сэргэлт эдийн засгийн чөлөөт бүс вэ одоогоор хүмүүс үхэх гээд байна та нар болохоор мэдэхгүй нөат аар тэжээгэднэ байна гэж амьдралгүй юм яриад байх юмаа

0  |  0
ард(66.181.184.59) 2022 оны 04 сарын 08

ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭЖ ШҮҮХЭЭ ШУДРАГА БОЛГООГҮЙ ЦАГТ АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛДАА БАРИГДСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД БАЙХАД ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ БУС БОХИР МӨНГӨ УГААЛТ Л ХИЙГДСЭЭР ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД БАЯЖСААР Л БАЙХ БОЛНО.

0  |  0
Top