Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн төв Эмгэг судлалын төв Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж өнөөдөр хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаас сертификаа гардан авлаа.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, хэлтсийн дарга Г.Навчаа, мэргэжилтэн Ц.Тунгалагтамир болон SFCS компаний гүйцэтгэх захирал Г.Ундарья, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Уянга, Чанарын удирдлагын хорооны гишүүд оролцлоо.
Тус төв эмгэг судлалын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах улмаар төрийн үйлчилгээг шат дамжлага багатай, хүнд сурталгүй хүргэх зорилгоор олон улсын чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр стратегийн шийдвэр гаргаж 2021 оноос эхлэн үе шаттайгаар нэвтрүүлсэн юм.
Чанарын менежментийн тогтолцоог байгууллага бүр өөрийн онцлогт уялдуулан хэрэгжүүлдэг бөгөөд тус төв төлөвлө-гүйцэтгэ-шалга-сайжруул мөчлөгийн хүрээнд Эмгэг судлалын лавлагаа тусламж үйлчилгээ, Амьд сорьцын шинжилгээ, Эсийн шинжилгээ, Эмгэг судлалын шинжилгээ, Телепатологийн зөвлөгөө, Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйлчилгээний процессыг дахин инженерчлэх, цахим засаглалыг хөгжүүлж мэдээллийн технологийн ололтыг оношилгоо шинжилгээнд ашиглах замаар эрсдэлийг бууруулж, лабораторийн дамжлага бүрт алдаа эрсдэл гаргахгүй байх боломжийг бий болгох, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх, найдвартай тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжийг нэмэгдүүлэхээр энэхүү олон улсын стандартыг нэвтрүүлсэн байна.
Эмгэг судлалын үндэсний төв чанарын 2 удаагийн хөндлөнгийн аудитад амжилттай хамрагдаж, оношилгоо шинжилгээний бүхий л үйл явцыг олон улсын стандартаар баталгаажуулснаар олон улсын баталгаажуулалтын IAF байгууллагад албан ёсоор бүртгэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн тусгай мэргэжлийн төв боллоо.
Сэтгэгдэл ( 0 )