Залуус үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцэн жагслаа

2022 оны 04 сарын 08

-ДӨРВӨН ЖИЛ СУРСАН ТӨЛБӨРӨӨ 10 ЖИЛ АЖИЛЛААД Ч ОЛОХГҮЙ БАЙНА-

Үнийн өсөлт, хөдөлмөрийн үнэлэмж хэт бага байгаа гэсэн шалтгаанаар харь орныг зорьж, ажил хийх гэсэн иргэдийн тоо олширсон. Эцэг эхчүүд ч хүүхдээ аль болох гадаад яв, тэнд л ажилла, амьдар гэж сургах болж. Өсөж төрсөн нутгаа орхиод харийн оронд ажиллахыг хүсэх иргэд яагаад олширсон талаар бид иргэд болон албаны эх сурвалжаас тодрууллаа.


Монголчуудын ажиллаж, амьдрахаар хамгийн олноороо зорьдог улс бол  БНСУ юм. Тиймээс сүүлийн жилүүдэд хэчнээн хүн тус улс руу ажиллахаар явсан талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодруулсан юм. ХХҮЕГ-н Ажиллах үйлчилгээний хөдөлгөөний шилжилтийн дарга Б.Буянбадрах, “Сүүлийн таван жилд Монгол Улсаас гаднын орныг зорих иргэдийн тоо нэлээд хэлбэлзэлтэй байлаа. 2017 онд 1280, 2018 онд 784, 2019 онд 784, 2020 онд 63, 2021 онд 176 иргэн БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар 377 болж өссөн. Түүнчлэн Япон улс руу энэ оны эхний гурван сарын байдлаар 27 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажилахаар явсан” гэв. Түүнчлэн бид харь орныг зорихоос өөр арга үгүй болсон залуусын төлөөллөөс мөн байр, суурийг нь тодрууллаа.

 

ИРЭЭДҮЙН ХҮҮХДЭЭ БОДОЖ БАЙГАА ТУЛ МОНГОЛООС ЯВМААР БАЙНА

 

Иргэн Ө: “Би 23 настай. Мэдээж ирээдүйд ээж болно. Гэхдээ ийм нийгэмд хүүхдээ өсгөхийг хүсэхгүй байна. Цэцэрлэг сургуулийн хүртээмж муугаас гадна  хүүхдээ цэцэрлэгт явуулахын тулд сугалаанд оролцож байна шүү дээ. Тиймээс би гаднын оронд очиж амьдарвал ядаж л миний хүүхэд эрүүл орчинд өсөж, цэцэрлэг сургуульд явах бүрэн боломжтой болно. Мөн тухайн улсад даатгалаа төлж байгаа тохиолдолд ямар нэгэн чирэгдэлгүйгээр эмнэлгийн үйлчилгээ авч чадна. Би хэсэг хугацаанд гадаадад амьдарч байгаад хоёр жилийн өмнө Монголдоо ирсэн.

Хувийн байгууллагад орчуулагч хийдэг ч сүүлийн хоёр жил жуулчид ирэхээ больсон тул ажил хэцүүдсэн. Ийм нийгэмд эрүүл, шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх ч нөхцөл алга. Угтаа бол эрүүл хүнс хэрэглэж байж өвдөхгүй шүү дээ. Өвдсөн хойноо эмчлүүлэх гэж эм, тарианы мөнгө зарлагадахаасаа аль болох сэргийлэх гэж хичээсэн ч бүтэхгүй байна. Яг үнэнийг хэлэхэд мөнгөний асуудлаас болоод сүүлийн үед найз нөхөдтэйгээ ч уулзахаа больсон. Үнэгүй, чанартай дээд боловсрол олгодог оронд мэргэжлээ дээшлүүлэнгээ амьдрах нь одоогоор хамгийн боломжтой гарц байна даа”. 

 

ЖИЛД 14 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛСӨН Ч ХҮҮХДЭЭ УЛСЫН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛЖ ЧАДААГҮЙ

 

Иргэн Г.Сайнзаяа: “Миний үеийн залуусыг багаас нь л хэл сур, гадаад руу яв гэж зааж сургасан. Би орос, англи хэлтэй учир гадагшаа яваад амьдрах бүрэн боломжтой. Багадаа Англид сурч, орчинд нь өссөн тул очиж амьдрахад надад алзах зүйл үгүй. Гэхдээ эх орноо өөрчлөөд сайхан амьдаръя гэсэн хүсэл байгаа учраас явж чадахгүй байна. Нөхөр бид хоёрын цалин нийлээд  дундаж гэсэн давхаргад орохгүй ч улсаас авдаг гурван төрлийн албан татварыг нийлээд төлөхөд 14 сая 153 мянган гаруй төгрөг болж байгаа юм.

Энэ нь нийгмийн даатгал, хувь хүний албан орлогын татвар, НӨАТ зэрэг багтсан дүн юм. Дунджаас доогуур цалинтай хоёр хүн нэг жилийн дотор гуравхан төрлийн албан татварт ийм хэмжээний мөнгө төлсөн байна. Гэсэн ч манай том хүүхэд цэцэрлэгийн сугалаанд тэнцээгүй гээд улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй явна. Мөн хүүхдээ өвдөхөд нь дүүргийнхээ эмнэлэгт очиход ор олдохгүй хонгилын шалан дээр хэвтэн эмчлүүлсэн. Би нөхөртэйгээ нийлээд жилд улсдаа ийм хэмжээний мөнгө тушааж байхад яагаад миний хүүхэд сарын 500 мянган төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт явах ёстой гэж.

Үүнийг 12 сараар тооцоод үзвэл зургаан сая төгрөг болно. Гэр бүлийг минь сайхан нийгэмд амьдруулаасай гэсэндээ энэ мөнгийг улсдаа төлж байхад эргээд бидэнд ямар ч төрийн дэмжлэг байхгүйд харамсаж байна. Утаанаас болж хүүхдийн маань уушги өвөл болгон хатгаа тусна. Үнэнийг хэлэхэд аль нэг улсын Элчин сайдын яаман дээр очоод миний хүүхдийн уушги энэ утаанаас болж ингэж өвчилсөн, ийм хэмжээний эмчилгээ хийлгэсэн гэсэн нотолгоогоо үзүүлээд үндсэн эрхээ эдэлж чадахгүй байгаагаа хэлбэл тухайн улс биднийг асуудалгүй хүлээж авна. Гэхдээ л хүний сайхан сэтгэлээр энэ улсаа хөгжүүлэх юм сан, нэмэр болох сон гээд тэсэж амьдарч явна даа” гэсэн юм.

 

ТӨГСӨӨД МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛААД САЙХАН АМЬДРЪЯ ГЭХЭЭР АВСАН ЦАЛИН НЬ ЮУНД Ч ХҮРЭХГҮЙ

 

АШУҮИС-ийн Хоол зүйч, шим тэжээл мэргэжлээр суралцагч оюутан М.Цэнгэлмаа: “Би одоо II дамжааны оюутан. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаад сайхан амьдаръя гэхээр авсан цалин нь юунд ч хүрэхгүй шүү дээ. Энэ нөхцөл байдал ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөнө гэж бодохгүй байна. Төр засаг бүрэн шинэчлэгдэж, бидний асуудлыг ойлгодог, юманд ул суурьтай ханддаг шинэ үе гарч ирж байж энэ байдал өөрчлөгдөж магадгүй л юм. Хоёрхон жилийн дараа төгсөх учраас хөгжингүй орон гэж ямар байдаг юм байна, тэд юу хийж бүтээж байна вэ гэдгийг харж дунд нь зохицоод амьдрахыг хүсэж байгаа. Гэхдээ тэнд очиж сурч, ажилласныхаа дараа эх орондоо эргэн ирнэ. Эндээ ирээд сурсан мэдсэн бүхнээ доод үеийнхэндээ зааж, тусалж дэмжмээр байна. Тэгж байж л нийгмээ өөрчлөхөд хувь нэмэр оруулах байх. Очоод амьдрах нөхцөл, сурах боломж зэргээ харгалзаж үзвэл Европын улс орнуудын аль нэгийг зорих төлөвлөгөөтэй байна” гэлээ.

 

ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛМЭЭР БАЙНА, ГЭХДЭЭ ҮНЭХЭЭР БОЛОХГҮЙ БОЛ ГАДААДАД ОЧИЖ

БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭЭС ӨӨР АРГА ҮГҮЙ

 

Иргэн Г.Баярмаа: “Дөрвөн жил гадаадад суралцаад ирсэн. Гэсэн ч авч буй цалин амьдралд яагаад ч хүрэлцэхгүй байна. Түрээсийн байрны зардал, хүнсний бүтээгдэхүүний үнэ хэд болсон билээ дээ. Сүү гэхэд литр нь 4000 төгрөг болсон байна. Сүүлд гурван ширхэг чинжүү 8000 төгрөг болсон байсан. Хэрэв ийм байвал хар амиа бодоод гадагшаа гарахаас өөр сонголтгүй. Бараг л хил хурдан нээгдээсэй л хэмээн залбирч байна. Надаар дутна гэж лоозон бичсэн учир нь өнөөдрийн жагсаалд “Надаар дутвал гэж. Би очихгүй байсан ч яахав дээ” гэж боддог залууст анхааруулах гэсэн санаа.

Эх орон чинь үргэлж та бүхнээр дутаж байдаг шүү. Хэрэв үнэхээр аргаа бараад эндээс явахаар бол Европын оронд очиж амьдрах хүсэл байна. Гэхдээ очиж болох арай хялбар боломжтойгоор нь Өмнөд Солонгос руу явах байх даа. Гэсэн ч юуны тулд би гаднын улсад суралцаж мэргэжил эзэмшсэн билээ. Үүнийгээ хэрэгжүүлж эх орондоо амьдрахыг хичээж л байна. Үнэхээр цаашид энэ нөхцөл байдал хэвэндээ байвал харийн оронд очиж боолын хөдөлмөр эрхлэхээс өөр арга алга. Сарын цалингаа аваад тансаг хэрэглээний бус зүгээр л наад захын зүйлсээ худалдаж авахад ч мөнгө дутдаг. Нэг ёсондоо өрнөөс өрний хооронд амьдарч байна даа”.

 

НАМ ДАГАЖ БАЙЖ Л САЙХАН АМЬДАРДАГ ГЭСЭН ЖИШИГ ТОГТЧИХСОН БАЙНА

 

Иргэн О.Дөлгөөн: “Залуусыг дэмжих хүн ховор байна. Өөрсдөө хөдөлмөрлөөд амжилтад хүрээд сайхан амьдаръя гэхээр бүхий л төрлөөр боож, хааж байгаа. Ингэхдээ дандаа туршлага байхгүй гэж голоод хуучин үеийнхнийгээ л дэмждэг. Үнэндээ залуусыг хуучин үеийнхний сүүдэрт элдэв зараалд явах мэтийн ажлаар дараад юм хийлгэхгүй байна шүү дээ. Гадаадад очиж амьдарвал энд бүтэн нэг сар ажиллаад олох мөнгөө долоо хоногийн дотор олчихож болно. Хүмүүсийн хэлдгээр хар ажил хийгээд ч хамаагүй тэр мөнгийг олно. Энэ улсад мөнгө хадгалах, далд хийх ямар ч боломж алга.

Гадагшаа явна гэж төлөвлөөгүй байгаа ч боломж л гарвал хаашаа ч хамаагүй очиж ажил хийгээд эхнэр хүүхдээ тэжээмээр байна. Би сард нэг сая төгрөгийн цалин авдаг. Гэхдээ энэ мөнгө яагаад ч хүрэлцэхгүй байна шүү дээ.Татвар л гэхэд 200-300 мянган төгрөгийг нь хураагаад авчихна. Үлдсэн мөнгөөр нь хэрэглээгээ болгох хүнд байна. Саяхан гэхэд тог цахилгааны үнэ нэмэгдсэн. Угтаа бол манай гэр бүл тог цахилгаанаа маш сайн хэмнэдэг. Гэсэн ч цахилгааны төлбөрөө төлөх гээд харахаар сард 80-100 мянган төгрөгийн төлбөр гардаг болчихлоо. Хоол, унаа урсгал зардлынхаа мөнгөнөөс давж гарч чадахгүй амьдрал гэж юу байхав дээ.

Залуусын хувьд байр, машин мөрөөдөл болсон байна. Энэ чинь угтаа бол амьдралын наад захын хэрэгцээ шүү дээ. Мэргэжлээрээ ажиллах гэхээр нас залуу байна гэж заадаг нь ажил хийх хүслийг шууд унтраадаг. Нам дагаж байж л сайхан амьдардаг гэсэн жишиг тогтчихсон байна. Бор зүрхээрээ амьдраад мэргэжлээрээ ажлаа үнэнч шударгаар хийж буй хэсэгт нь ямар ч боломж олдохгүй байгаа нь шударга бус санагддаг. Үүнийг би өөрийн амьдралын жишээгээр туулж бас мэдэрч явна” гэлээ. 

Мөн Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн мэдээллээр өнгөрөгч оны аравдугаар сарын байдлаар 191 хүн Монгол Улсын иргэний харьяалалаас өөрсдийн хүсэлтээр татгалзжээ.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top