Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцууллаа.
Баян-Өлгий аймаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс өндөрт оршдог учир сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна.
Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гол, усны осол, үерийн аюул, хүн, малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа юм.
Тийм ч учраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зорилго нь тухайн бүс нутагт тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед тухайн аймгийн нутаг дэвсгэрийг орон нутаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг.
Команд штабын сургуулийн үеэр сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх дадлага сургуулиар үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )