Улсын хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажил өрнөж буй явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.
-Улсын хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Энэ жилийн хувьд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га-д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулан бэлтгэхээр ажиллаж байна. Хаврын тариалалтад зориулж улаан буудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад энэ оны нийт тариалалтад зориулж 43 мянган тонн үр нөөцөлсөн байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд 16 мянган тонн үрийн нөөц байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үрийн захиалгыг орон нутгаас авч нэгтгээд, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж байна. Үрийг 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр зээлээр олгоно.
-Шатахуун, ургамал хамгааллын бодис зэрэг бусад шаардлагатай зүйлсийн нөөц, хангамж хэр байна?
-Хаврын тариалалтад шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо чухал шаардлагатай. Шатахууны нөөцийг тасалдалгүй, хэвийн байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Жил бүрийн нэг, хоёрдугаар сард газар тариалангийн салбарт хэрэглэх ургамал хамгааллын бодис, бордооны жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Үүний дараа ургамал хамгааллын бодис импортлогч тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд бодисын квот олгох ажлыг зохион байгуулдаг. Квот олгох ажил бүрэн хийгдсэн. Импортлогч аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэгчидтэй гэрээгээ байгуулаад ургамал хамгааллын бодис нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ОХУ бордооны экспортод тодорхой хэмжээний хязгаарлалт тавихаа бидэнд Гадаад харилцааны яамаар дамжуулан мэдэгдсэн. Тиймээс бид Гадаад харилцааны яамаар дамжуулан ОХУ-д хүсэлт илгээсний дагуу хаврын тариалалтад хэрэглэх бордоо, тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах азот агуулсан нийлмэл бордоог экспортлох квотыг манай улсад онцгойлон олгосон. Үүний дагуу бордоо импортлогч аж ахуйн нэгжүүдийг ОХУ-ын бордоо үйлдвэрлэгчидтэй холбох ажлуудыг зохион байгуулаад эхний гэрээг хийгээд явж байна. Одоогийн байдлаар 4.3 мянган тонн бордоог ОХУ болон Узбекстан, БНХАУ-аас нийлүүлэхээр гэрээ хийсэн. Бордоог эхний байдлаар гаалиар оруулсан.
-Хаврын тариалалт заасан хугацаандаа эхлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй гэж болох уу?
-Хаврын тариалалт үндсэндээ тавдугаар сарын эхний 10 хоногоос эхэлдэг. Бүс нутгийн онцлогоос шалтгаалаад сарын хугацаанд үр тарианы тариалалт явагддаг. Тэгэхээр үр тарианы тариалалт технологийн хугацаандаа эхлэх бүрэн боломжтой. Одоогоор аж ахуйн нэгжүүдийн түвшинд техникийн засвар, тариалалтын өмнөх талбайн хөнгөн боловсруулалт болох чийг хаах зэрэг технологийн ажлуудыг хийж байна.
-Хүнсний ногоо тариалагчдад чиглэсэн чухал шийдвэрүүдийг Засгийн газраас гаргасан. Эдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний нэг нь хүнсний ногоочдод урамшуулал олгох түүхэн шийдвэр юм. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг олгох журам байдаг. Энэ журмыг Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд хамтран баталдаг. Урамшууллыг энэ намрын ургацаас тооцон олгоно. Үндсэндээ улаан буудайд урамшуулал олгодог журмын дагуу зохион байгуулна.
Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг олгох журам батлагдахаар илүү тодорхой болно. Мөн тариаланчид, ногоочид цахим системд бүртгүүлсний дараа тариалсан талбайн түүх, технологийн ажлуудыг тухай бүр тэмдэглээд явах боломж бүрдэж байгаа. Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгодог, цахимаар хүсэлтээ илгээдэг хэлбэрт шилжиж байна.
-Тариаланчдад зориулж хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэйгөөр олгохоор болсон. Үүнд хамрагдахын тулд хаана хандах хэрэгтэй вэ?
-Засгийн газраас улсын төсвөөс худалдан авсан хүнсний ногооны үрийн үнийг 80 хувийг хөнгөлөн олгох шийдвэр гаргаж, үрийг худалдан авах ажил зохион байгуулсан. Энэхүү дэмжлэгт шинээр хүнсний ногоо тариалах гэж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг түлхүү хамруулъя гэсэн бодлоготой байгаа. Тэгэхээр иргэн, аж ахуй нэгжүүд газар тариалангийн үйлдвэрлэл явуулдаг харьяа аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газартаа хандаж захиалга өгөх боломжтой. Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний ногооны үрийг хувиарлаж олгох ажлыг хариуцна.Тус шалгуурыг орон нутгийн түвшинд зохион байгуулна.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )