Д.Батмөнх: Мал төллөлтийн тоог аймаг бүрээр нягтлан гаргаж байна

2022 оны 04 сарын 16

Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж мал төллөлт ид явагдаж буй. Тиймээс мал төллөлттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлыг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.


-Одоогоор улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрөгч оны нэгдүгээр сард 11.100 толгой мал хорогдсон дүн гарсан. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулбал 285 мянган толгойгоор буурсан үзүүлэлт юм. Харин 2020 оны мөн үед 48.6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байсан. Улсын хэмжээнд малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 50 орчим хувийг зарцуулсан. Бас нэгэн гол үзүүлэлт бол аймаг, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц 76-аас дээш хувийн үлдэгдэлтэй байна.

Өвсний үнэ газар зүйн байрлалаас хамаараад өнөөдрийн байдлаар 2000-5000 төгрөг, ногоон тэжээл 6000 төгрөг, хорголжин тэжээл 735 мянга буюу нэг шуудай нь 29.500 төгрөгийн үнэтэй байна. Эдгээр үндсэн үзүүлэлтээс дүгнэхэд мал аж ахуйн хаваржилт хэвийн байна гэж хэлж болно. Нөгөөтээгүүр байгаль, цаг агаарын мэдээллээс харахад цасны зузаан нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нэмэгдсэн.

-Энэ жил хэчнээн тоо толгой мал төллөх вэ?

-Аймаг орон нутгаар нь малын төллөх тоог нягтлан гаргаж байна. Өнгөрсөн жил мал тарга хүч сайн авсан учраас зүй бус хорогдол бага байх төлөвтэй байна. Төллөх мал ч тарга хүчтэй байгаа учраас энэ жил олон төл хүлээн авах боломжтой байхаар байна. Малын тарга хүч сайн байгаа нь сүүлийн хэдэн жил тохиолдож байгаагүй сайн мэдээ юм. Учир нь 2017-2018, 2019- 2020, 2020-2021 онд нийт нутгийн хэмжээнд ган, зудтай, өвөлдөө их цас орсон, зарим үед бага цас орсон учраас нэг, хоёрдугаар сарын үед мал усаар дутагдах зэрэг ихээхэн хүндрэлтэй асуудлууд тулгарч байсан.

Энэ жилийн тухайд бэлтгэсэн өвс тэжээлийнхээ ихэнх нөөцийг хоёр, гурав, дөрөвдүгээр сардаа хэрэглэх боломжтой байгаа учраас мал аж ахуйн үйлдвэрлэлд олон тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэж хэлэх үндэслэлтэй.

-Өнгөрсөн онд өвөлжилт хүндэрсэн аймгуудад багагүй тусламж үзүүлж байсан. Энэ жилийн хувьд ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлсэн үү?

-2021 онд говийн бүсийн таван аймагт өвөлжилт хүндэрсэн учраас таван сая ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгийг гаргаж, бүрэн найрлагатай тэжээл худалдан авч орон нутагт хүргэж байсан. Мөн олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдээс эдгээр аймгуудад хүнсний болон бусад тусламж үзүүлэхэд олон тэрбум төгрөг зарцуулж байв. Тэр үетэй харьцуулбал, энэ жил Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас тодорхой тусламж дэмжлэг үзүүлээгүй, бид ч асуудал тавиагүй байна. Мөн хүндрэлтэй асуудал байгаа тухай мэдээлэл олон улсын байгууллагуудад хүргэгдээгүй.

Тайван байгаа нь мал аж ахуйн салбарын хөгжил, малчдын өвлийг даван туулах чадавх сайжирч байгаатай холбоотой. Түүнчлэн өвлийн хүндрэлтэй нөхцөлд хариу арга хэмжээ авах аймаг орон нутгийн чадавх ч нэмэгдэж байгаа юм. Энэ бүхэн цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох, хариу арга хэмжээ авах, төлөвлөх, эрсдэлийг бууруулах зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг олон улсын байгууллагаас сүүлийн 2-3 жилд хэрэгжүүлж байгаатай холбоотой. Бас нэг зүйлийг хэлэхэд 2021 онд бид мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг бууруулахын тулд ОХУ-аас 80 орчим тонн тэжээл импортлох ажлыг зохион байгуулсан.

Тэжээл импортлоход гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас 2021 оны долоодугаар сарын 01 хүртэл чөлөөлөх зэрэг томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж байсны үр дүнд мал аж ахуйн салбар тогтвортой байгаа. Энэ хавар их хэмжээний цас орох, салхи шуургатай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөл бий болох магадлалтай. Ийм учраас малчид, иргэд одоо байгаа өвс, тэжээлийнхээ нөөцийг энэ хаврын хүндрэл тохиолдож болзошгүй цаг үед хэрэглэх, мөн гарсан төл болгоныг мал болгоход одооноос анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай юм.

-2021-2022 оны өвөл, хавар отор нүүдлээр явах малын тоог бууруулж, тухайн аймаг сумандаа оторлох бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ бодлого зохицуулалтын үр дүн хэрхэн гарч байна вэ?

-Энэ жилийн тухайд отор нүүдлийг аймаг орон нутагтаа буюу өөрсдийнхөө нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаатай холбоотойгоор мал аж ахуйн үйлдвэрлэл дэх малын шилжилт хөдөлгөөн тогтвортой байна гэж дүгнэж хэлэх боломжтой. Дундговь, Өвөрхангай аймаг жилдээ нэг сая хүртэлх толгой малыг өөр аймгийн нутаг дэвсгэрт өвөлжүүлж, хаваржуулдаг байсан.

Энэ жилийн хувьд гол төлөв аймаг орон нутагтаа, аймгийнхаа тусгай хамгаалалтын газар, хилийн зурвас газар, отрын нөөц нутгуудад өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулж байгаа учраас отор нүүдэлтэй холбоотой асуудал харьцангуй багассан. Ер нь отор нүүдэл явуулж буй, отор хүлээн авч буй аймаг аль аль талдаа хүндрэл багатай өвөлжөөд одоо хаваржиж байна. Сүхбаатар аймаг өнгөрсөн жил 30 байршилд нийтдээ 360 гаруй мянган га талбайг отрын нөөц нутаг болгосон.

Өнгөрсөн онд зургаан аймгийн 37 суманд 1.9 сая га газарт отрын нөөц нутаг байгуулах боломжтой гэж тогтоосон. Энэ хүрээнд сумын отрын нөөц нутгийн хил заагийг Монгол Улсын газрын нэгдсэн мэдээллийн санд оруулах ажлууд хийгдсэн. Ингээд орон нутаг өөрсдийнхөө хүчин чадлыг сайжруулж, отор нүүдлийг орон нутагтаа зохион байгуулж өвөлжилтийг хүндрэл багатай даван туулах бүх талын зохицуулалтын арга хэмжээнүүд авагдсан нь орон нутагтаа өвөлжих боломж нэмэгдсэн байгаа.

-Мал аж ахуйн салбарын бодлого, хэрэгжилтийн талаар ярихгүй юу. Хэр үр дүнтэй байгаа вэ?

-2021 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоолсон. ХХААХҮЯ-наас төлөвлөж оруулсан нэгдсэн дүн мал тооллогын дүнгээр бүрэн батлагдсан. Бидний танилцуулсан ажил бүрэн хэрэгжиж байгаа. Нөгөө талдаа ХХААХҮЯ энэ хуралдаанд 16.7 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал боловсруулснаа танилцуулсан. Бодит байдал дээр мал тооллогын дүнгээр 17 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд орсон. Эндээс дүгнэхэд мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт аль аль талдаа бодитой, үр дүнтэй болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorj(73.25.114.116) 2022 оны 04 сарын 17

Huviin umchid bitgii haldaad bai. Tegj yarihiin bol uul uurhain kompaniudiin ashig orlogiig bas delgeedeh.

0  |  0
Зочин(202.126.89.194) 2022 оны 04 сарын 17

Мал төллөлт л гээд байх, тэр мал нь улсад ямар ч хамаагүй малчин этгээдийн хувь өмч, ална уу аварна уу улс ямар ч оролцоогүй, тийм байтал тоолоод солиороод байх

2  |  0
зочин(103.26.193.92) 2022 оны 04 сарын 17

Иймэрхүү өвгөчүүдийг төрөөс зайлуулмаар юм

1  |  0
Top