Нийгмийн бодлогын байнгын хороогоор Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонсов
Хуралдааны төгсгөлд Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо. Тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Аудитыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Аудитын сэдэв батлах тухай тогтоолоор баталсан Үндэсний аудитын газраас гүйцэтгэх аудитын сэдвийг үндэслэн Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэжээ. Гарсан тайланг Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд чиглэсэн байна. Аудитын зорилгыг хангахын тулд Төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр хүн амын өвчлөл буурч, эмийн зохистой хэрэглээ төлөвшсөн эсэх, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, түгээх тогтолцоо бүрдсэн эсэх гэсэн дэд зорилтын дагуу гүйцэтгэсан бөгөөд Эрүүл мэндийн яам, Хүний эмийн зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон нутгийн засаг, захиргааны нэгж болон аудитын сэдэвт хамаарал бүхий бусад холбогдох байгууллагын 2018-2020 оны үйл ажиллагааг хамруулсан байна. Аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хороо, Нийгмийн бодлогын Байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Сангийн яаманд тус тус хүргүүлсэн бөгөөд аудитаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны анхааралд 1 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргад 5, Сангийн сайдад 1, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1, нийт 13 зөвлөмж өгснийг Ерөнхий аудитор танилцууллаа.
Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газрын Аудитын гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд аудитын дэлгэрэнгүйг танилцуулав. Үүнд аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, хийсэн дүн шинжилгээ, аудитын дүнд үндэслэсэн дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын 2014 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт хангагдаагүй байхад Засгийн газраас Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг баталж, эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүчингүй болгосон нь бодлогын хэрэгжилтийг дүгнэж, үр нөлөөг үнэлэх боломжгүй болгосон, Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан нь эмийн зохицуулалтыг харилцан уялдаатай, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай болгох алхам болсон ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоо төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй, үйл ажиллагаа жигдрээгүйгээс эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлээгүй, эмийн гаж нөлөөг бүртгэх, хянах, мэдээлэх тогтолцоо бүрдээгүй, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Эмийн зохицуулалтын байгууллагын чадамжид 2 жил тутам үнэлгээ хийж баталгаажуулаагүй, эмийн бүртгэл, тусгай зөвшөөрөл олголт, үр дүнд тавих хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй, эмийн чанарт хяналт тавьж буй лаборатори шинжилгээний зарим аргыг ашиглах боломжгүй, биоэквивалент судалгааг хийж эхлээгүй зэргээс хэрэглэгчдийг өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангасан гэж үзэх боломжгүй, Эм, эмнэлгийн хэрэгсэл, уламжлалт эмийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тогтвортой, үр дүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлээгүйгээс уламжлалт эмийн түүхий эд импортоос хараат байгаа нь эмийн түүхий эдийг дотоодоос бэлтгэх, тарималжуулах чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатайг харуулж байна хэмээн танилцууллаа.
Мөн эрх зүйн зохицуулалтын нийцэлгүй байдлаас шалтгаалан зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, өнчин эмийн үнийн дээд хязгаарыг санхүүжүүлэгч байгууллага тогтоож, хяналтын тогтолцоог алдагдуулсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй эмийг хөнгөлөлттэй үнээр олгосон, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах нэгдсэн стандарт, шалгуургүйгээс нотолгоонд суурилсан, эмчилгээний зааварт ороогүй зарим эмийг жагсаалтад оруулсан нь эмийн хүртээмж, санхүүжилтийн үр нөлөөг бууруулж, эмийн үнэ олон улсын жишиг үнэтэй харьцуулахад өндөр, Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилт нэмэгдэж, хөнгөлөлттэй үнээр олгож буй эмийн нэр төрөл, үйлчилгээ олширсон ч мэдээллийн хүртээмж хомс, эмчилгээ хийлгэсэн хугацаа, давтамж зэрэг үр дүнгийн гүйцэтгэлийн хяналтыг орхигдуулсан, мэдээллийг нэгдсэн стандартаар цуглуулж, бүртгэж баримтжуулаагүйгээс үйлчилгээний хүрээ хязгаарлагдмал, хөтөлбөр, арга хэмжээ, санхүүжилтийн үр нөлөөг тооцох боломжгүй, өндөр өртөгт тусламж үйлчилгээний хамрах хүрээ, санхүүжилт нэмэгдсэн нь иргэдийн хувиасаа төлөх төлбөрийг бууруулж, санхүүгийн дарамтаас хөнгөлж байгаа ч өвчлөлийн шалтгааныг арилгах чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс өвчлөл нэмэгдсэнээр сангийн хөрөнгө хүрэлцэхээргүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын мэдээллийн нэгдсэн системгүй, эрүүл мэндийн салбарт олон тооны программ хангамж ашиглаж хоорондын уялдааг хангаагүйгээс мэдээ, мэдээлэл зөрүүтэй, мэдээллийн ил тод, хүртээмжтэй, үнэн бодитой, найдвартай, иж бүрэн байх зарчим хангагдаагүй нь мэдээллийн хомсдолыг бий болгож, шийдвэр гаргах түвшинд ашиглаж байгаа мэдээлэл бодитой бус байна хэмээн танилцуулсан.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, Ц.Туваан, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд тайлангийн үр дүнгийн дагуу арга хэмжээ авч, алдаа дутагдлыг засах талаар болон эмийн үнэд хязгаар тогтоох, чанарыг хянах, нөөцийг тасралтгүй байлгах, эм зүйн чиглэлээрх ажиллах хүчний дутагдлыг нөхөх, Эмийн агентлагийн ажлыг жигдрүүлэхтэй холбоотой асуудлаар тодруулж, гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнууд хариулт өглөө.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, М.Оюунчимэг нар аудит үүргээ гүйцэтгэсэн байна хэмээн байр сууриа илэрхийлээд тайланд заасан дүгнэлтүүдийг хэрэгжүүлж ажиллахыг салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонссоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )