ОЛОН ӨНГӨ: Гэрийн тэжээвэр амьтдын хувь заяа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Амьтанд дасан ээнэгших хэцүү. Зайлшгүй шалтгаанаар хайртай “найз”-аасаа хагацаж салах болбол ухаант хүн шимшрэн санаж, үгүйлэн ганихраад үлдэх. Гэвч хүн гэдэг “харгис” зүрхтэн удахгүй түүнийг өөр нэг амьтанаар орлуулах эсвэл өөр зүйлд сатааран мартах болно. Харин нэгэн цагт таны гэр бүлийн гишүүн байсан нохой эсвэл муур үхэн үхтлээ таныг гансран харуулдана гээд бод доо.

Сүүлийн үед тэнэмэл золбин муур, нохойны тоо эрс нэмэгджээ. Хүмүүс үр хүүхдээ сатааруулах гэж, өөрсдөө баясах гэж хэсэгхэн зуур амьтан тэжээж хорхойгоо дардаг хачин сэтгэхүйтэй болчихож.  Тэгээд л гэрээр дүүрэн үс бутарлаа, баас шээс нь дийлдэхгүй байна, харшил хөдөллөө гэх зэрэг шалтгаанаар тэжээвэр амьтдаа хажиглаж эхэлдэг нь нууц биш.

Цахимаар дүүрэн “нохой зарна, муураа үрчлүүлнэ” гэсэн зарууд хөвөрнө. Хөөрхий амьтад дараачийн хэн нэгэн ээлжит сонирхогчийн гарт очиж азтай нь эрхэлж, азгүй адлуулж байгаад дахиад л ээлжит эзэн рүүгээ шилжинэ. Гэхдээ тэжээвэр амьтнаа үнэнчээр хайрлаж асардаг хүмүүс олон л доо. Түүнийг даган дуурайгчид амьтны элгийг мийнхүү бэтгэрүүлж буйгаа ч мэдэхгүй явж буй.

Тэжээвэр амьтан гэдэг нэгэн цагт үнсэж үнгэн, тэвэрч тоглож, эрхлүүлж байсан цор ганц хайртай эзнээ үнэн зүрхнээсээ санан уйтгарлаж, хэдэн жилийн дараа ч гудамжинд эзэнтэйгээ таарвал таниад л учиргүй эрхлэх сэтгэлтэй юм шүү дээ. Хүмүүст чадахгүй зүйл үгүй учраас амьтдыг хээлтэхээс сэргийлэх бүрэн боломжтой. Гэвч хайхрамжгүй эздийн буруугаас амьтад зуу зуугаараа үржсээр, тэнэмэл хаягдмал амьтад нэмэгдсээр. Үнэхээр л амьтанд тийм дуртай, хайртай юм бол тэднийг ядаж зовоохгүй амьдрах боломжийг нь олгож заслага, спэйг нь хийлгэж баймаар. Би ч гэсэн ийм л гэмтэний нэг л дээ. Харшилд дарлуулсан учраас л тэр. Гэхдээ л би муурныхаа спэйг нь хийлгэж, надаас ч илүү эрхлүүлэх халамжтай сайн эзэнд даатгасан тулдаа л өөрийгөө “зөвтгөж” сууна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.20.57) 2022 оны 04 сарын 14

buudaj alj bolohgui

0  |  0
Top