ХӨВСГӨЛ: Ажилгүйдлийн түвшинг 2 пунктээр бууруулна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн дэд дарга Э.Ганбат нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт энэ сарын 7 -нд Хөвсгөл аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчидтай уулзаж, сонирхсон асуултад тодорхой хариулт, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, “Бид ажлын ширээний араас биш анхан шатан дээр ажил ямар байдалтай явж байна, болж байгаа зүйл байвал түгээн дэлгэрүүлэх, болохгүй зүйл байвал гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх хэрэгтэй” хэмээн зорилгоо товчхон тодорхойлж албан хаагчидтай нээлттэй ярилцлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр 2021 оны гүйцэтгэлээр 93 хувь буюу харьцангуй сайн хэрэгжсэн аймгийн нэг нь Хөвсгөл юм. 2022 онд цаатан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломж төсөвт суусан. Энэ ажлыг хэрхэн оновчтой хэрэгжүүлэх талаар мөн санал солилцлоо.

Хөвсгөл аймаг 2022 оныг аймгийн хэмжээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. 4000-аас доошгүй түр болон байнгын ажлын байрыг бий болгон, 20-оос доошгүй бичил үйлдвэрлэлийг шинээр байгуулж, 24 суманд хоршоо, нөхөрлөлийг дэмжсэнээр ядуурлын түвшнийг 0,5 пунктээр, ажилгүйдлийн түвшнийг 2 пунктээр бууруулж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг 5 хувиар өсгөхийг зорьж байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн зорилтын хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тодорхой ажил арга хэмжээг хариуцан ажиллаж байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top