Атрын 4-р аяны хүрээнд "Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн" 53 жилийн дараа Улаанбаатар хотноо 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд амжилттай болж Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн одоогийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлууд болон газар тариалангийн системийн тухай асуудлуудыг хэлэлцэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан газар тариалангийн салбарын хөгжлийг чиглүүлэгч агрономчдодоо хандаж
"Газар тариалангийн салбарт ажил амьдралаа зориулсан үе үеийн эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, ахмад буурлууд та бүхний маань нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд өнөөгийн Монгол орны тариалангийн салбарын өнгө төрх тодорхойлогдож, эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан улаанбуудай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүргэсэн гавьяаг тэмдэглэн хэлэхэд таатай байна" гэдгийг онцолсон юм.
1969 онд Агрономчдын улсын анхдугаар зөвлөгөөн болж Монгол орны тариалан эрхлэх анхны системийг хэлэлцэн баталснаас хойш тариаланчид, мэргэжилтнүүд болон эрдэмтдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тариалангийн салбарт олон шинэ таримал, сортууд, дэвшилтэд техник, технологи үр дүнтэй нэвтэрч, тус салбар эрчимжин хөгжсөнөөр хүнсний чухал таримал болох улаанбуудай, төмс, голлох нэрийн хүнсний ногооны тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж ирсэн байна.
Гэсэн хэдий ч цаашид дэлхий нийтийг хамран эрчимтэй явагдаж буй байгаль, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицсон технологийг сонгож нэвтрүүлэх, үрийн аж ахуйн тогтолцоог шинэчлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, шинэ таримал сортуудыг сонгож нэвтрүүлэх, тариалангийн салбарыг шинжлэх ухаанчаар хөтлөн явуулах, улмаар дотооддоо тарьж ургуулсан үр тариа, төмс, хүнсний ногоогоор хэрэгцээгээ бүрэн хангах үйлсэд эзэмшсэн мэргэжил, мэдлэг, дадлага туршлагаа зориулж ажиллах нь туйлын зорилго болж байгааг сайд З.Мэндсайхан тодотголоо.
Зөвлөгөөнөөр Монгол Улсад газар тариалан эрхлэх систем, түүнийг хэрэгжүүлэх зорилт, үүрэг, тулгамдсан асуудлууд, газар тариалангийн тогтвортой хөгжилд үрийн аж ахуйн системийн ач холбогдол, хэрэгжүүлэх явц дахь зорилтууд, шинжлэх ухааны үндэслэлтэй ээлжлэн тариалалтад суурилсан газар тариалангийн тогтвортой хөгжил, агрономийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, тариалангийн талбайн ойн зурвасын ач холбогдол, хэрэгжүүлэх арга зам, газар тариалангийн үйлдвэрлэлийн механикжуулалтын өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага зэрэг олон чухал асуудлаар хэлэлцэн зөвлөлдлөө.
"Агрономчдын улсын хоёрдугаар зөвөлгөөн"-д оролцогчид байгаль, цаг уурын нөхцөл жилээс жилд хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед өөрийн бүс нутгийн цаг уурын онцлогт тохирсон газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой явуулахын тулд салбарын өнөөгийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, судалгааны үр дүнд тулгуурлан, шийдвэрлэх арга замуудыг гаргаж, цаашид мөрдөх Монгол Улсад газар тариалан эрхлэх системийг хэлэлцэн баталж, чухал шийдвэрүүдийг гаргасан юм.
Сэтгэгдэл ( 0 )