ОЛОН ӨНГӨ: Амт

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Сархдын амтанд дэрвэж яваа хүмүүсийг харлаа. Сайхан юм аа, сайхан юм. Сар чихнээс нь хонх уясан ч санаа нь юунд ч зовохгүй их сайхан, амгалан хүмүүс байх юм. Хундага барихдаа хэлдэг үгс нь их ухаалаг. Худал хуурмагийг ч хундага дүүрэн болгож ярина. Хуралд сууж байгаа юм шиг нэгнээ ярьж дуусахыг хүлээнэ. Идэр залуу насаа их дурсаж ярих юм. Ирээдүй нь өнгөрсөнд үлдчихсэн юм шиг эсвэл бүр дуусчихсан мэт. Алсын зорилгогүй юм болов уу гэмээр алдсан бүхнээ л ярьж дурсана.

Анх удаа амьдарч байгаа надад ч их зөвлөх юм. Алдаа бүрийг минь дутагдал мэт ярьж эхэлнэ. Амнаас минь үг ч унагаахгүйгээр ярьж, би толгой дохино. Маргаангүй тэд олон удаа амьдарсан байх. Магад орчлонд олон зууныг элээсэн биз. Маргааш үхээд, нөгөөдөр төрөх юм шиг л ярих юм. Жаргалтай зүйлээ ярихдаа дуугаа намсгах нь жаахан өрөвдмөөр. Гунигаа хуваахдаа харин дуу хадан орилолдох нь жаахан гунигтай. Тэднээс залхаж, чихээ таглаж үзлээ. Илүү чимээтэй юм миний бодол.

Тэндээс явахын тулд амьсгаагаа түгжиж үзлээ. Илүү их амьсгалах шунал төрж, би явна. Жаргалаар цадаж үзлээ. Амттай юм аа, амттай юм. Зовлонгоор өлсөж үзлээ. Өрөвдөлтэй юм аа, өрөвдөлтэй юм.

О.ГАНЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(139.5.216.171) 2022 оны 04 сарын 15

Гоё өнцөг байна, амжилт, тэрлээд байгаарай.

0  |  0
Top