Мазаалайн бэлчээр нутагт ашиглалтын 11, хайгуулын 22 лиценз байна

2022 оны 04 сарын 14

“Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн" өнөөдөр /2022.04.14/ Төрийн ордонд болж байна.

Мазаалай баавгай нь Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь буюу Аж Богд, Ээж хайрхан, Захуй, Зармангийн говь, Эдрэнгийн нуруу, Баянхонгорийн Тост, Нэмэх дуул, Цагаан богд, Сэгс цагаан богд, Шинэжинст орчмын нийт 45 мянган км2 нутагт нутаглаж байна.

Баавгайн тоо толгойг нэмэгдүүлэхэд түүний идэш тэжээл, задгай уст цэгийг нэмэгдүүлэх шаардлагатай ба бэлчээрлэн нутаглах 45 мянган км2 газрыг 61 мянган км2 болгон нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа талаар байгаль хамгаалагч, судлаачид хэллээ.

Мазаалай баавгайн бэлчээр нутагт ашиглалтын 11, хайгуулын 22 лиценз байгаа аж. Бэлчээрлэн нутаглах талбайд үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, говийн баянбүрдүүдийг хүн эзэмшсэн зэрэг хүний хүчин зүйлийн нөлөөллөөр тоо толгой буурахад хүрч байна.

Мазаалайн тоо толгой 1960 онд 15-20 толгой, 1970-аад онд 20 гаруй, 1980-аад оны сүүлчээр 50-60 байсан бол 2020 онд 50 хүрэхгүй тоо толгой үлджээ. Улаан номонд орсон, Дэлхийд байхгүй нэн ховордсон МАЗААЛАЙ баавгайг хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд төр засгаас бодлогоор дэмжих, төр иргэдийн хамтын оролцоо чухал болохыг зөвлөгөөнөөр онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top