Газар зүйн атлас болон хувийн гаралтай баримтаар хөмрөг үүсгэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Үндэсний төв архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрддэг бөгөөд үүний нэг хэсгийг төр, нийгэм, боловсрол, соёл шинжлэх ухаан, анагаах ухаан, урлаг соёл, утга зохиолын гэх мэт олон салбарын эрдэмтэн, судлаачид, түүхэн бие хүмүүсийн хувийн гаралтай баримт бүрдүүлдэг.

Газрын харилцааны ажилтны өдрийг угтан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын тэргүүний ажилтан, Газар зүйч-инженер Алтан-Очирын Сайнбуянгийн хувийн хөмрөгийг Үндэсний төв архивд хүлээн авч, түүний амьдрал, үйлсэд холбогдох баримт бичиг, гэрэл зураг, газрын зургаас бүрдсэн бичил үзэсгэлэнг дэглэлээ.

 

 

Монгол Улсад газрын зургийн шинжлэх ухааны салбар үүсэн хөгжихөд бодитой үүрэг гүйцэтгэж, 20 гаруй  жил аялал жуулчлал, сургалт судалгааны ажилд зориулан 70 гаруй сэдэвчилсэн газрын зураг, атласыг зохион бүтээсэн түүний бүтээлийг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүдээс харж болох юм.

Хөмрөг үүсгэж буй баримтуудыг тодруулбал, хээрийн дадлагын ажлын маршрут, жуулчдад зориулсан тусгай сонирхлын аяллыг зохион байгуулах төслийн баримт, БНМАУ-ын Засаг захиргааны хуваарь болон эдийн засгийн өрнөд, дорнод муж, ой модны аж үйлдвэрийн байршил, барилгын эрдэс түүхий эдийн ордуудын байршил, аялал жуулчлал, дэлхийн улс төрийн гэх зэрэг олон төрлийн газрын зураг, 17 аймгийн газар зүйн атласууд,  6, 9 дүгээр ангийн газар зүйн хичээлийн дасгал, ажил зэрэг олон төрлийн баримтууд багтаж байна.

 

Эх сурвалж: Архивын ерөнхий газар 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top