Сангийн яамны хэрэгжүүлдэг “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс хөгжүүлсэн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн саналыг цахимаар авах зорилготой “Орон нутгийн хөгжлийн сангийн Удирдлагын мэдээллийн систем (www.onhs.mof.gov.mn)” болон “ОНХС” гар утасны аппликейшнийг ашиглалтад оруулаад байна.
Орон нутгийн хөгжлийн сан(ОНХС) нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, иргэдийн саналаар зарцуулдаг төсөв юм. Энэ төсвийг иргэдийн бодит хэрэгцээнд нийцүүлэн зөв зарцуулахын тулд олон нийтээс нээлттэй санал асуулгыг жил бүрийн 1-6 дугаар сард авдаг.
“Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын дагуу ОНХС-ийн дараа оны төлөвлөлтийг иргэдээс санал авахдаа санал асуулгын хуудас бөглүүлэх, бүлгийн ярилцлага хийх, цахим гэсэн 3 хэлбэрээр авч болохоор заасан. 2013 оноос буюу тус сан бий болсноос хойш жил бүр санал асуулгыг зохион байгуулахдаа иргэдийн саналыг авахдаа ихэвчлэн санал асуулгын хуудас бөглүүлж цаасаар авдаг байсан бол энэ жилээс техник технологийн дэвшилтэт арга хэрэгслийг ашиглан саналаа өгөх боломжтой болж байна.
Тус аппликейшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна ОНХС-ийн цаг үеийн мэдээ, өөрийн аймаг, сумандаа хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, ИНХ болон ИТХ-ын тогтоолуудаар батлагдсан жагсаалт, тендер шалгаруулалт, ажлын гүйцэтгэлийн явц, санхүүжилтийн хуваарь, хөрөнгө оруулалтын өмнөх, явцын болон дараах гэрэл зургууд, хууль эрх зүйн мэдээлэл, ОНХС-ийн талаар болон тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах гээд олон талын мэдээллүүдийг гар утаснаасаа үзэх боломжтой болж байна. Түүнчлэн иргэнийг харьяаллын дагуу, давхардалгүй саналыг нь авах, төрийн үйлчилгээг нэг дороос хялбар, чирэгдэлгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, ЗГ-ын системүүд хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор аппликейшнийг E-Mongolia систем болон танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбоод байна.
Иргэдийн саналыг цахимаар авснаар иргэд болон төрийн албан хаагчдын явдал чирэгдлийг багасгах, цаас, хэвлэгчийн хор, шатахуун зэрэг бодит зардлуудыг хэмнэх, хялбаршуулсан байдлаар саналыг нэгтгэхэд зарцуулдаг цаг хугацааг багасгах, иргэд саналаа өгөхөд улам хялбар болж, оролцоо нэмэгдэх боломжийг олгох зэрэг олон олон давуу талуудтай. Иргэн та 2023 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд ОНХС гар утасны аппликейшнийг ашиглан дөрөвдүгээр сарын 15-аас зургадугаар сарын нэгний хооронд хөрөнгө оруулалт болон Малын тоо толгойн албан татвараар хэрэгжүүлэх төслүүдэд саналаа өгөөрэй.
“ОНХС” АППЛИКЕЙШН АШИГЛАХ ЗААВАР
Нүүр хэсэг
Аппликейшний “Нүүр” хэсэгт 2022 онд ОНХС-д батлагдсан нийт төсвийг зарцуулалтын салбараар нь ангилж харуулдаг. Мөн та төсвийн жил буюу оноо сольсноор өмнөх жилүүдийн мэдээллийг үзэх боломжтой.
Төлөвлөлт цэс
Төлөвлөлт хэсгээс иргэдийн анх өгсөн саналууд, түүнийг ИНХ-аар хэрхэн баталсан, цаашлаад “ОНХС-ийн ажлын хэсэг”-ээр хэрхэн эрэмбэлсэн, хамгийн сүүлд ИТХ-аар хэрхэн баталсан зэрэг төлөвлөлтийн үе шатуудыг өөрийн сум, дүүрэг, баг, хороогоор сонгон харах боломжтой.
Хэрэгжилт цэс
Хэрэгжилт хэсгээс энэ ажилд хэдэн иргэн саналаа өгсөн, ямар хугацаанд хэрэгжих, гэрээний дүн, тендер шалгаруулсан журам, шалгарсан гүйцэтгэгч компани, тухайн ажлын явц хэдэн хувьтай, ямар шатандаа хэрэгжиж байгаа зэргийг гэрэл зургийн хамт харах боломжтой.
Иргэдээс санал авах цэс
Иргэдийн санал авах хэсгээр дараа онд ОНХС-ийн төсвөөр ямар ажил хэрэгжүүлэх талаар иргэний саналыг авдаг. Та гурван төрлийн санал өгөх боломжтой. Үүнд:
Иргэн аппликэйшнээр саналуудаа бичээд нэг л удаа илгээх боломжтойг анхаарна уу.
Туслах цэс
Туслах цэсээс ОНХС-тай холбоотой мэдээ мэдээлэл үзэх, хууль эрх зүйн ойлголт авах, мөн баг, хороондоо хандсан өргөдөл, гомдол илгээж, ОНХС-ийн талаар гарын авлагыг ашиглаж болно.
Саналаа хэрхэн өгөх вэ?
Play Store болон App Store-оос “Орон нутгийн хөгжлийн сан” гэж хайх, эсвэл QR код уншуулан аппликейшнээ татаж авах.
Аппликейшн рүү нэвтрэхэд “ОНХС-ийн мэдээлэл”, “Санал өгөх” гэсэн хэсгүүд гарч ирэх бөгөөд “Санал өгөх” хэсэг рүү дарж нэвтэрнэ.
Санал өгөх хэсэгт дарахад E-Mongolia систем рүү шилжиж ДАН системээр нэвтэрнэ.
Нэвтэрсний дараа ОНХС аппликейшнээс таны иргэний үнэмлэх, хаягийн мэдээлэлд хандах хүсэлт гарч ирэх ба “зөвшөөрөх” товчийг дарснаар санал өгөх боломжтой болно.
Энэ нь та зөвхөн орон нутгийнхаа харьяаллаар саналаа өгөх боломжийг бий болгож байгаа болно. Аппликейшний санал өгөх хэсгийн “санал асуулга” талбарт гурван сонголт байрлана. Сонголт бүр дээр саналаа өгнө.
Санал нэмж дууссаны дараа илгээх товчийг дарснаар таны саналыг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ. Цахим саналыг нэг удаа илгээх боломжтойг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авч болох эх сурвалжууд:
https://tusuv-oronnutag.mof.gov.mn/
Сэтгэгдэл ( 0 )