ОХУ-ын Буриадын ард түмэн буузанд дуртай, хайртай. Буриад бууз нь мэдээж монгол буузтай холбоотойгоос гадна Хятадын маньтоу, Японы манжюү, Түвдийн момо, Вьетнамын бань бао, Гүржийн хинкалитай “хамаатан садан”. Ер нь Монголын Их Гүрний эзэмшилд байсан улс орнуудад бууз өргөн тархжээ.
Буриадад жинхэнэ бууз 33 чимхэлттэй байх ёстой гэж үздэг нь Буддын шашинтай холбоотой. Улаан-Үдэд буузаар үйлчилдэг бүхэл бүтэн хороолол бий. Энд та янз бүрийн бууз идэж болно. Хар, ногоон, загас, адууны махтай гээд тогооч нарын уран зөгнөл хязгааргүй.
Тэгвэл тус хотын Тэнгис ресторанд бууз-даам нэвтрүүлсэн нь үйлчлүүлэгчдийн дуртай хоол болоод байна. Даамны хөлөг дээр хар, цагаан өнгийн бууз өрнө.
Дүрэм даамтай ижилхэн, давшаад идээд явна. Идсэн буузаа жинхэнэ утгаар нь иднэ гэсэн үг. Ам хатаад байвал зарим даамаа хундага архиар сольж болно. Идээд, уугаад тоглоод тун зугаатай.
Мөн хамт олноороо “Хэн нь хамгийн олон бууз идэх вэ” тэмцээн зохион байгуулдаг. Ялагдсан нь гарахдаа бүх тооцоог хийнэ гэсэн дүрэмтэй.
Буриадууд буузаараа бахархдаг тул 2017 онд Ринбүчи багшийн цогцолборт цагаан гантигаар Буузны хөшөө босгосон нь жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ. Энэ хөшөө эд хөрөнгө, тансаг баян байхын бэлгэ тэмдэг гэнэ.
Цар тахлаас өмнө Буриадад жил бүр Буузны наадам зохион байгуулдаг байв. Наадмаар Хэн хурдан бууз чимхэх вэ” тэмцээн явуулна. 2019 онд таван хүнтэй нэгэн баг 20 минутад 263 бууз чимхсэн нь рекорд амжилт юм.
Сэтгэгдэл ( 0 )