Ард түмнээ хэмнэлтийн горимд шилжихийг уриалсан нь дарин дээр давс нэмэхийн үлгэр болж хэд хоног залуучууд жагссан. Улмаар Ерөнхий сайд гарч ирж тэдгээр залуусын төлөөлөлтэй уулзан, 15 зүйл шаардлагыг нь гардан авсан.
Үүний үр дүнд сүүлийн хэд хоног төр засгийнхан маань ажил ихтэй байж, Үнэ тогтворжуулах хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн баталлаа. Ахиц дэвшил гарсан гэсэн үг.
Харин ихэнх дарга нар залуучуудын “Өөрсдөө хэмнэ” гэсэн шаардлагыг буруугаар ойлгосон бололтой. Учир нь сүүлийн үед томоохон дарга нар, мөнгөтэй эрхмүүд нийтийн тээврээр зорчих, бензин бага зарцуулдаг жижиг тэрэг унах зэргээр попорч, түүнийгээ сошиал ертөнцөөр сэвэх болов. Ер нь бол залуучуудын гол шаардлага нь төр нь хэмнээд, төрсөн биеийг нь эх оронд минь сайхан амьдруулаад өгөөч гэсэн байсан хэмээн товчилж болмоор. Даанч дарга нар маань биднийгээ сайхан амьдруулах бус бидэнтэйгээ адилхан болох гэж уралдаж байна.
Ямар сайндаа л төрийн ордны хашаанд дандаа жижиг тэрэгнүүд байгаа зураг хэд хоног цахим орчинд хөврөх вэ дээ. Такси барьж, автобусанд сууснаараа түмэн олонтойгоо адилхан болж байгаа бололтой юм.
Бидэнтэйгээ адилхан болохыг үнэхээр хүсээд байгаа юм бол захын гэр хорооллоор шавар дундуур алхаж, Долоон буудлын жижиглэнгийн дэлгүүрээс мах худалдан авч буйгаа үзүүл. Эс бөгөөс буруу ойлголтоо эртхэн залруулж, нийт гурван саяулаа эх орондоо аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг богино хугацаанд бий болгохын төлөө тархиа ажиллуулах хэрэгтэй байна.
Ард түмэн чинь алсран одсон тансаг хэрэглээ болох талх, өндөгөө худалдан авахдаа санаа зовохгүй байхыг л хүсээд байгаа юм шүү, дарга нар аа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )