ШУА хиймэл оюун ухааны судалгааг хөгжүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Монгол улсын ШУА болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар үзэглэлээ. 

Санамж бичгийн үндсэн зорилго нь орчин үеийн дэвшилтэт техник, технологи болон сансар судлал, сансрын технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, судалгаанд суурилсан бодлогын болон технологийн шийдэл, загвар боловсруулах, хиймэл оюуны судалгааг хөгжүүлэх, салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновац технологийн экосистемийг хөгжүүлэх, төр-эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа юм.

Дараах чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагаанд тусгажээ. Үүнд:

  • Сансар судлал, сансрын технологитой холбоотой эрхзүйн орчин бүрдүүлэх, хиймэл дагуул бүтээх, хөөргөх, газрын станц барьж үр дүнтэй ашиглах, гадаадын хөгжингүй орнуудын шинэ технологийг нутагшуулах, түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд шаардлагатай судалгаа хийх;
  • Сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох;
  • Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологи дамжуулах, стандарт нэвтрүүлэх, туршилт судалгааг гүйцэтгэх, гарын авлага, технологийн заавар, зөвлөмж боловсруулах;
  • Сансар судлал, харилцаа холбооны чиглэлийн судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг хамтран ашиглах замаар өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дундын судалгааны лаборатори, мэдээллийн сан бүхий төв байгуулж салбарын хүний нөөцийг дадлагажуулан сургаж мэргэшүүлэх;
  • Хиймэл оюун, машин сургалт, юмсын интернэтэд суурилсан бүтээгдэхүүн бий болгох, нээлттэй өгөгдлийн бодлого боловсруулах;
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын баримт бичиг, эрхзүйн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах, салбар дундын, байгууллага хоорондын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Судалгаа хөгжүүлэлт-Үйлдвэрлэл-Бодлого боловсруулагч нарын хамтарсан хурал, семинар, хэлэлцүүлгийг улс, олон улс, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулах;
  • Олон улсад өрсөлдөх чадвартай салбарын үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлэх зорилтыг хангахын тулд судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан гадаад зах зээл рүү чиглэсэн, импортыг орлох үйлдвэрлэлийг кластерын зарчмаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Сансрын технологи, өгөгдлийн шинжээч, хиймэл оюуны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох их, дээд сургуультай хамтран ажиллах;
  • Үндэсний контент үйлдвэрлэлийн төв байгуулах болон тоон контент хөгжүүлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар судалгаа хийх;
  •  Байгууллагын дотоод дүрэм, журмын хүрээнд оюуны өмч болон бусад мэдээллийн санг харилцан нээлттэй солилцох, ашиглах;

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.92.249) 2022 оны 04 сарын 19

hudlaa hudlaa

0  |  0
Top