Улстөрчдийн хамаарал бүхий компанид ЗЭЭЛ ОЛГОХЫГ ХОРИГЛОСОН

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг 2019 онд байгуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус сангаас 992 тэрбум төгрөгийн зээлийг 8200 гаруй зээлдэгчид олгоод байгаа аж.

Харин өнөөдрийн байдлаар 1100 зээлдэгч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авчээ. Тэдний 200 гаруй нь арилжааны банкуудаар дамжуулж зээлээ авсан бол 850 орчим зээлдэгч тус сангаас шууд зээл авсан байна.

Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэвлэлд өгсөн тодруулга ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг 2009 онд байгуулсан. Үүнээс хойш нийт 992 тэрбум төгрөгийг улсын төсөв, Засгийн газрын бонд гэсэн эх үүсвэрүүдээс 600 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлээд дахин зээлдэх хэлбэрээр гаргасан. Нийт 8200 зээлдэгчид олгосон.

Өнөөдөр 1100 зээлдэгч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээлтэй байна. Үүний 200 гаруй нь арилжааны банкаар, 850 орчим нь сангаас шууд зээл авсан. Жишээ нь, 2010 онд зээл авсан зээлдэгч ор сураггүй алга болчихсон байна. Бид тэрнийг олж тогтоолгох ажлыг хийж байна. 

Зарим нь 20-30 сая, зарим нь 2-3 сая төгрөгийн зээлтэй байна. Энэ бүхнээс үл хамаарч төрийг хохиролгүй болгох шаардлагатай, Цагдаа нартай хамтарч ажиллаж байна. Ер нь зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийг зээлээ эргэн төл гэдэг шаардлагыг тавьж ажиллаж байна. Мөнгө төлүүлэхэд бэрхшээл байна. Гэхдээ бэрхшээлээс няцахгүй ажиллаж байна. Нэг шүүхэд өгсөн хэрэг гэхэд л манайхаас шалтгаалахгүйгээр удааширч, сунжирч байна. Зарим хэрэг нь 3-4 жил шүүх дээр явж байгаа тохиолдол ч байна.

2018 онд улс төрд нөлөө бүхий хүмүүс зээл авсан гэх зүйл яригдаж эхэлсэн. Хамааралтай нь тогтоогдсон хэсгийн аж ахуйн нэгжүүд зээлээ төлсөн.

Сүүлийн үед УИХ болон төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл олгохгүй байгаа" гэж ярьсан байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top