Цаасан гэрчилгээ хүчинтэй ч цахим үйлчилгээ авахад асуудал үүсэх эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

-Цаасан гэрээ, гэрчилгээг зарим үйлчилгээний газрууд болон шилжүүлэгчид ашиглахаа больсон учраас цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай ажээ-

Улс орон даяар газрын бүртгэлийг мэдээллийн санд нөхөн бүртгэх ажил өрнөж байгаа билээ. Ирэх сарын 01-нийг хүртэл үргэлжлэх байсан цахим бүртгэлийг энэ он дуустал үргэлжлүүлэхээр болсон. Газрын гэрээ, гэрчилгээг мэдээлийн санд бүртгэж эхэлснээс хойш дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албад хугацаандаа амжих гэсэн иргэдийн хөлд дарагдаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.


 

МЭДЭЭЛЛИЙН САНД НӨХӨН БҮРТГЭХ АЖИЛ ТАВДУГААР САРЫН 01-НЭЭР ДУУСАХ Нь ГЭЖ САНАА ЗОВЖ БАЙСАН ГЭВ

 

Газрын гэрээ, гэрчилгээг цахим мэдээллийн санд бүртгэх ажил эхэлснээс хойш иргэдийн хөл татраагүй газар бол дүүргүүдийн газар зохион байгуулалтын алба юм. Манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очих үеэр ажилтнууд нь үдийн цайндаа орсон байв. Харин тэднийг цайндаа орж дуусахыг хүлээн суух иргэд олон байлаа. Тэдний нэг болох Ч.Бадрал “Цайны цагаараа ирсэн ч ажилтнууд нь ч цайндаа орсон байна.

 

Мэдээллийн санд бүртгэлгүй бол дараа дараагийн ажлуудад төвөгтэй байх бололтой. Тиймээс хүлээгээд сууж байна. Цайны цаг дуусаж байгаа болохоор дараа ажлын цагаар ирье хэмээн шийдээд гарч байна. Бичиг баримтын, мэдээллийн зөрчилтэй гэсэн" хэмээж байлаа.

Харин иргэн Б.Н “Тавдугаар сарын 01-нийг хүртэл бүртгэнэ гэх мэдээллийг хараад ирсэн. Мэдээллийн санд нөхөн бүртгэх ажил ирэх сарын 01-нээр дуусах нээ гэж санаа зовж байсан. Цайны цагаас өөр цагт ирж амжихгүй, цайны цагаараа ирсэн ч ажилтнууд нь байхгүй болохоор өнөөдөр бүртгүүлж чадахгүй нь дээ хэмээн бодож байсан юм. Гэсэн ч энэ оныг дуустал бүртгэхээр сунгасан нь авууштай зүйл боллоо. Дараа ирж бүртгүүлэхээр шийдээд цайны цаг дуусахаас өмнө ажил руугаа явах гээд байж байна даа. Түгжрэлээс болоод ч тэр үү, газрын алба ажлаас маань хол болохоор ирж, очих гэж хугацаа их зарцуулж байна. Газраа баталгаажуулаагүй байна гэсэн учраас ирсэн” хэмээсэн юм.

Харин Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үүдэнд “100-гийн хавтас” хэмээн нэрлэх цагаан хавтастай цаас барьж зогсох хүмүүс сууж, босож, танихгүй ч гэсэн хоорондоо газрын бүртгэлтэй холбоотой зүйлс ярин зогсож байлаа. Нөгөө хэсэгт газрын хураамжаа төлөх гэсэн хүмүүс бөөгнөрсөн байв. Тэдгээр хүмүүсийг ажихад олонх нь 60-аас дээш насны болов уу гэмээр хүмүүс байсан юм. Харин залуу хүмүүс харьцангуй ховор байлаа.

Газрын бүртгэлтэй холбоотой асуудлаар ирсэн залуус нэгнийхээ ажлыг хөөцөлдөхөөр эсвэл эцэг эхийнхээ бүртгэлийг хийлгэхээр зогсож байлаа. Тус газар байх иргэн О.Одончимэг “Ээж маань ажлаасаа болоод амжихгүй болохоор би ирсэн. Бичиг баримтын зөрчилтэй байсан юм билээ. Зөрчлийг нь арилгаад мэдээллийн санд бүртгэчихвэл болно гэсэн. Би хүлээгээд зогсож байна” гэлээ.

 

МЭДЭЭЛЛИЙН САНД ИРЭХ САРЫН 01-НИЙ ДОТОР БҮРТГҮҮЛЭХ НЬ АЧААЛАЛ ҮҮСГЭЖ БУЙ ТУЛ ХУГАЦААГ СУНГАЖЭЭ

 

Газрын нөхөн бүрдүүлэлтийг хийх болсон шалтгаан нь өнгөрсөн онд хийсэн тооллогын ажлаар мэдээллийн санд бүртгэгдээгүй газрууд байгаатай холбоотой ажээ. Товчхондоо мэдээлийн систем, улсын бүртгэлд бүртгэгдсэн газрыг дахин бүртгэж буй ажил биш юм байна. Улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1.054.266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг ажээ. Нийслэлийн хэмжээнд 406.757 иргэн, хуулийн этгээдийн газрын бүртгэл байгаа юм.

Эдгээр нэгж талбарууд нь хууль эрх зүйн хүрээнд албажиж холбогдох журмын дагуу кадастрын мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй нэгж талбарууд байгаа ажээ.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал тайлбар өгсөн юм.

Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд газрын кадастрын нэгдсэн системийн программ хангамжийг 2018 оноос хойш нэвтрүүлсэн. Түүнээс өмнө бүхий л дүүргүүд өөрсдийн гэсэн бүртгэлийн системийг ашиглаж байлаа. Улсын хэмжээнд нэгдсэн нэг системтэй болохыг 2018 онд шийдсэн юм. Тиймээс энэхүү системд мэдээллийг цуглуулахыг тулд бүртгэлийг хийгээд явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Цахим системийг 2008 оноос ашиглаж эхэлсэн хэмээн ойлгож болно. Бид түүнээс өмнө цаасан байдлаар бүртгэлийг хийдэг байсан.

Бүхий л гэрээ гэрчилгээг 2021 оны аравдугаар сарын 01-нээс эхлээд цахим болгож эхэлсэн. Иргэд цахим бүртгэлдээ хамрагдсан тохиолдолд гэрээ, гэрчилгээг банканд барьцаалах болон бусад үйлчилгээнд цахимаар ашиглах боломж бүрдэж байгаа юм. Цаасан гэрээ, гэрчилгээг зарим газрууд болон шилжүүлэгчид хүлээн авахаа больсон. Тиймээс цахим бүртгэлд хамрагдах нь томоохон давуу тал үүсгэж байгаа.

Иргэд ирэх сарын 01-ний дотор цахим бүртгэлдээ амжиж бүртгүүлж чадахгүй, газрын албуудын ачаалал ихсэх, системийн ачаалал гэх мэт хүндрэлүүд үүссэн учраас хоёр дахь удаагаа буюу энэ удаагийн цахим бүртгэлийн сунгалтын албан бичиг ирсэн юм. Гэхдээ хуучин гэрээ, гэрчилгээгээ ашиглах боломжгүй, хүчингүй болсон гэх мэт буруу ташаа мэдээлэл тархаад байна. Цаасан гэрээ, гэрчилгээ хүчинтэй хэвээрээ. Ердөө л цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжууд хаагдана гэсэн үг. Иргэдээс хүсэхэд цахим мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлбэл дараа дараагийн асуудлууд үүсэх эрсдэлээс сэргийлж байгаа гэдгийг ойлгоосой хэмээн хүсэж байна” гэсэн юм.

2018 оноос өмнөх гэрээ, гэрчилгээг мэдээллийн санд нөхөн бүртгэнэ хэмээн тусгаж буй шалтгаан нь газрын бүртгэлийн мэдээллүүд систем рүү хөрвөхдөө дутуу байгаатай холбоотой юм байна. Тиймээс нөхөн бүртгэлийн хугацааг ийн сунгасан хэмээх тайлбарыг өгсөн юм. Харин 2018 оноос хойш авсан газрын бүртгэл системдээ бүртгэгдсэн байгаа ажээ.

Газрын бүртгэлийг давхар олгосон эсэхийг лавлахад “Мэдээллийн санд бүртгэлтэй эсэхээс хамаарч газар давхар олгосон асуудал үүссэн байх магадлалтай. Үүнийг шалгаж байж мэднэ” гэх тайлбарыг өгсөн юм. Нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 272 мянган нэгж талбар байгаа хэмээн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастр хэлтсийн дарга П.Баянтүмэн мэдээлсэн байдаг. Үүнээс хамгийн их нь Сонгинохайрхан дүүрэгт 103.327, Сүхбаатар дүүрэг 49 мянга, Баянзүрх дүүрэгт 36 мянган нэгж талбар мэдээллийн санд бүртгэгдэж ороогүй гэх тоо баримтыг хэлж байсан юм.

Иргэн, хуулийн этгээдийн нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол албан ёсны вэб хөтчөөр системд нэвтрэн бүртгэлтэй эсэхээ шалгах нь зүйтэй юм. Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй, газрын мэдээлэл гарч ирэхгүй байгаа бол харьяа дүүргийн газрын албанд хандаж газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг авч очиж бүртгүүлэх хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top