"16 аймгийн 73 сум шүлхийгээс үүдэлтэйгээр хорио цээр тогтоосон"

2022 оны 04 сарын 22

Улсын хэмжээнд шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын аян энэ сарын 18-аас эхэлсэн. Тиймээс тус аяны талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсүрэнгээс тодрууллаа.


-Орон даяар шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын аян эхэлсэн. Тус аяны талаар дэлэгэрнгүй мэдээлэл өгөөч?

-Манай улсад шүлхий өвчин 2021 оноос хурдацтай дэгдсэн. Олонч аймгийг хамарсан. Тиймээс дөрөвдүгээр сарын 18-наас орон даяар дархлаажуулалтын аяныг зохион байгуулж байна. Ер нь манай зүгээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 01-15-ны хооронд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол хийдэг. Харин энэ жилийн хувьд шүлхий өвчин дээр гол анхаарал хандуулж байна. Сүргийн түвшний дархлаажуулалт, цаашлаад улсын түвшинд энэ өвчний халдвар, тархалтыг бууруулах зорилгоор явуулж байгаа.

-Орон даяар мал сүргийг хамруулах уу?

-Монгол Улсын бүх мал, сүргийг хамруулах боломж өнөөдөр бидэнд байхгүй. Вакцины хүрэлцээ хангамж, нөөц гээд олон асуудал бий. Тийм болохоор эдийн засгийн хувьд хамгийн үр өгөөжтэй, эрсдэлтэй байгаа үхэр сүргийг бүрэн хамруулахаар болсон. Бусад малтай харьцуулахад үхэрт шүлхий өвчин тархах эрсдэл өндөр байдаг. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд УОК-оос тогтоол гаргуулж, Шадар сайд, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан төлөвлөгөөний дагуу ажлуудаа хийж байна. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын дархлаажуулалт хэрэгжүүлэх тушаал гарсан. Дээрээс нь аймаг, сумдын онцгой комиссоос дэмжлэг аван ажиллаж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн аяны хүрээнд нийт 4.7 сая малд тарилга хийхээр төлөвлөснөөс нэг хоногийн дотор зургаан хувийг нь хамруулсан байна.

-Тарилгыг зөвхөн малын эмч нар хийнэ биз дээ?

-УОК-ийн Нэгдсэн шуурхай штаб дээр мэргэжлийн байгууллагуудаас төлөөлөл орсон баг ажилладаг юм. Зохион байгуулалт тал дээр энэ багаас дэмжлэг авч байгаа. Малыг тарих явцад тухайн малыг барих, уях гээд олон ажил гардаг. Энэ ажлыг онцгой комиссынхон маань хариуцаж байна. Ер нь хууль, дүрэм журам дээр онцгой комиссын үүрэг, оролцоо заавал байх ёстой юм билээ. Харин малын эмч нар маань өөрсдөө тарилгаа хийж байгаа. Өвчний нөхцөл байдал бага, хамрах хүрээ гайгүй бол Мал эмнэлэг дангаараа хэрэгжүүлээд явчихдаг юм.

-Одоогийн байдлаар шүлхий өвчний гаралт хэр байгаа вэ?

-Өвчний гаралт энэ оны нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад харьцангуй буурсан. Гэхдээ 28 хоногийн хугацаанд хорио цээрийг хэрэгжүүлэх хуультай учраас ийм хорио цээртэй 16 аймгийн 73 сум байна. Үүн дотроо ил шинж тэмдэгтэй, тусгаарлаж байгаа сумууд бас тодорхой хэмжээнд байгаа.

-Үхэр сүргийг бүрэн дархлаажуулахад вакцины нөөц хангалттай хүрэх үү. Гаднаас татан авах вакцинаа бүрэн авч чадсан уу?

-Манайх энэ жил 12 сая тун вакцин гаднаас худалдан авах гэрээ хийсэн. ОХУ-аас авах энэ вакциныг дөрөвдүгээр сарын 11-нд хүлээгээд авсан. Үхэр сүргийг бүрэн хамруулах вакцины нөөц бол хангалттай байгаа. Гаднаас хүлээн авахаар хүлээгдэж байгаа вакцин байхгүй.

-Одоо хийж байгаа вакцин хэдий хэр хугацаанд хамгаалах вэ?

-Бидний хэрэглэж байгаа вакцин зургаан сарын хугацаанд хамгаална. Зургаан сарын дараа давтан вакцинжуулалт хийх ёстой гэхээр ирэх аравдугаар сарын дундуур вакцинжуулж таарна. Харин намрын дархлаажуулалтыг хийхэд тодорхой хэмжээний вакцин нөөцөлсөн ч нэмэлтээр вакцин худалдан авах шаардлагатай. Үүн дээр улсаас мөнгө гаргахад хүндрэлтэй болчихсон учраас бусад төсөл хөтөлбөрүүдээс гаргах ажлыг нь хийнэ.

-Зургаан сарын дараа дахиад вакцинжуулах юм байна. Тэгэхээр ойр, ойрхон вакцинжуулалх нь мах, сүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үү?

-Одоогийн бидний ашиглаж байгаа ОХУ-д үйлдвэрлэсэн вакцины заавар дээр өнөөдөр тариад мах, сүүг нь шууд хэрэглэж болно гэсэн заалттай. Тэгэхээр мах, сүүний чанарт ямар нэгэн өөрчлөлт гарах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг.

-Малчид, иргэдээс тодорхой хэмжээний төлбөр гарах уу?

-Хуульд улсаас санхүүжих өвчний жагсаалт гэж байдаг. Улс, орон нутаг, иргэн гэж гурав ангилсан байдгаас шүлхий өвчин улсаас санхүүжих дээр нь ордог. Тиймээс иргэнээс гарах зардал байхгүй. Харин малчин малаа бэлэн байлгах, бүрэн хамруулах, малыг бэхэлж хөдөлгөөнгүй байлгах, малын эмчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх боломжгүй бол мал баригч түрээслэх төлбөрийг нь малчин гаргаж болно.

-Одоогийн байдлаар шүлхийгээс гадна гоц халдварт ямар өвчнүүд бүртгэгдээд байгаа вэ?

-Хонины цэцэг өвчин зүүн аймагт оношлогдсон. Бог малын мялзан говийн аймгуудад бүртгэгдсэн. Бид эдгээр өвчний нөхцөл байдлын судалгааг хийхээр мэргэжлийн баг томилогдон ажиллаж байгаа.

-Үхрийн арьс товруутах өвчин шинээр бүртгэгдээд байсан. Энэ юу болсон бэ?

-Энэ өвчин 2021 оны арванхоёрдугаар сарын 08-наас хойш дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ дулааны улирал эхлээд ялуу, шумуул ихсэхээр дахин гараад ирэх эрсдэл өндөр. Яагаад гэхээр энэ өвчнийг үүсгэгч нь гадаад орчинд тэсвэртэй, мал, амьтны биед далд хэлбэрээр байх хугацаа нь урт байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Шаардлагатай вакцинаас нөөцлөөд, тандалт судалгаа хийж байгаа.

-Цэцэг өвчний вакцины тунг нэмэгдүүлэн хийж байгаа гэсэн үү?

Тийм. Олон улсад хонь, ямаааны цэцэг өвчний вакциныг ашигладаг туршлагууд байдаг. Тийм болохоор Биокомбинатад үйлдвэрлэдэг хонины цэцэг өвчний вакциныг яаралтай тохиолдолд ашигласан. Одоо бол үхрийн арьс товруутах өвчний эсрэг вакциныг энэ жил гарвал хэрэглэхээр нөөцөлсөн.

-Биокомбинатын үйлдвэрт шүлхий зэрэг өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх боломжгүй юм уу?

-Олон улсад вакцин үйлдвэрлэх технологи нь өөр байдаг. Гаднаас халдвар орох, гадагшаа халдвар орох эрсдлээс бүрэн хамгаалсан үйлдвэр байдаг юм. Ийм үйлдвэр яг одоогоор манайд байхгүй. Харин вакциныг савлах технологи бол байгаа. Гэсэн хэдий ч тоног төхөөрөмж нь бүрэн суурилагдсан ч одоогоор ашиглах боломжгүй байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас энэ савлах үйлдвэрийг ашиглалтад оруулаач гэсэн шаардлага, тодорхой дэмжлэг үзүүлсэн ч бүрэн болоогүй л байна. Энэ ажлыг түргэвчлэх талаар салбарын яам, Засгийн газрын түвшинд яригдаж байгаа.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top