Ж.Соёл-Эрдэнэ: Харшил бүрэн эдгэрдэггүй

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Хотжилтоос үүдэж харшлын гаралтай өвчин нэмэгдсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд дурддаг. Тиймээс харшлын улирал эхэлж буйтай холбогдуулан энэ сэдвээр Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Ж.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.


-Харшил гэдгийг хүмүүст энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Хүмүүс харшил хөдөлсөн үедээ биеийн дархлаа суларлаа гэж ярьдаг. Энэ нь дархлаа суларсантай холбоотой биш. Харин дархлааны хэт мэдрэгшил үүссэн учраас хүмүүс харшилтай болдог. Тиймээс орчин цагт харшлыг хотжилтын өвчин хэмээн нэрлэх болсон. Сүүлийн хоёр жилийн хавар хөл хориотой байсан тул харшлын гаралт гайгүй байсан. Хүн бүр амны хаалт зүүж, хөл хөдөлгөөн эрс багассан учир харшилтай хүмүүс багассан байх магадлалтай. Одоо хус, бургас модны навч гөлөглөж эхэлж байна.

Үүнээс болж харшлын улирал эхэлдэг. Энэ жилийн хувьд харшлын улирал эрт эхлэх төлөвтэй байна. Бороо, цас их орох тусам ургамал тоосоо гөвөх хугацаа наашилдаг. Харшил гэхээр хүн бүр өөр өөрөөр боддог. Ерөнхийдөө харшлаар үүсгэгддэг өвчин олон янз байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх эмчилгээг одооноос хийж эхлэх хэрэгтэй.

-Тоос хүртээдэг ургамалтай ойр байснаар хэт мэдрэгшил үүсэж харшилтай болно гэж ойлгож болох уу?

-Тийм, мэдээж үүсэж болно.

-Харшлын хамгийн энгийн шинж тэмдгүүд юу вэ. Хүмүүс ханиад, харшил хоёрыг ялгахгүй байх тохиолдол бий шүү дээ?

-Хамар битүүрэх, нус гоожих гэх мэт шинж тэмдгээс харшил эхэлнэ. Өөрөөр бол цонхоо битгий онгойлго гэж зөвлөмөөр байна. Учир нь, өглөө үүрээр мод, ургамлууд тоосонцроо гөвдөг. Ялангуяа 06.00-08.00 цагийн хооронд цонхоо хааж байх хэрэгтэй. Хүмүүс үүнийг мэдэхгүй цонхоо нээж унтсанаар өглөө сэрээд хамар нь таг битүүрснээ анзаардаг. Түүнээс гадна бага насны хүүхдэд диатез илэрдэг. Энэ нь харшлын өвчин биш суурь нь болдог. Тэр нь даамжирсаар том болоход нь экзем болж хүндэрнэ. Экзем нь хүндэрвэл астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин болдог.

Тийм ч учраас Дэлхийн харшлын эсрэг нийгэмлэгээс “Аста, экзем болгож хүндрүүлэхгүй” гэсэн зөвлөмжийг гаргасан юм. Бага насны хүүхдийг эмчлэхийн тулд аль болох 1-3 насанд нь илрүүлж цааш хүндрүүлэхгүй байх арга хэмжээг авах ёстой. Мөн шилжилтийн насны хүүхдүүд бусад насны бүлгийн хүнүүсийг бодвол хурдан хугацаанд эмчилгээ авдаг. Зөв эмчилгээ хийлгэж, дэглэмээ сахивал харшил "баригдчихна". "Баригдана" гэдэг нь эмч нарын ярьдаг хэллэг юм. Харшил бол бүрэн эдгэрдэг өвчин биш. Гэхдээ эмчлэгддэг. Тиймээс эмч нар харшлын гаралтай өвчнийг эмчилж, шинж тэмдгийг нь ахиж хөдөлгөхгүй болсныг ингэж нэрлэдэг.

-Арьсны экземтэй хүмүүс цаашлаад өөр харшилтай болох амархан уу?

-Яг үнэн. Ийм байдалд хүргэхгүйн тулд өөр харшлаас нь экзем, астмаг салгах гэж эмч нар ажилладаг. Үүнийг эмч нар биш энгийн хүмүүс зөвлөгөө өгөөд өөрсдөө эмчлэх гэж оролддог нь харамсалтай. Эдгээр бүх харшил эмчлэхэд төвөгтэй, нэг ёсондоо XXI зууны өвчин тул эмчид хандахгүй бол эмчилж чадахгүй. Харшил бол эмчлэгддэг. Гэхдээ эдгэрдэггүй өвчин. Нэгэнт харшилтай болсон тохиолдолд дэглэмээ барихгүй бол алттай эм өгөөд ч нэмэр болохгүй гэсэн үг. Хуурамч харшилтай хүн  байж ч болно.  Үүнийг эмч нар л ялган оношилгоо хийж илрүүлдэг. Тэгэхээр дураараа эм тан хэрэглэж өөрийгөө оношилж эмчилж болохгүй.

-Хүйтний харшил гэж бий. Эмчлэгддэггүй байнга дахидаг гэж ярьдаг. Энэ төрлийн харшил яагаад үүсдэг юм бол? 

-Зөвхөн хүйтний гэлтгүй халууны харшил ч бий. Энэ бол тухайн хүнд ямар нэгэн суурь өвчин байгаагийн илрэл юм. Үүнийг нь илрүүлээд эмчилчихвэл гайгүй болно. Хоол хүнснээс, хүйтэн цаг агаараас гээд янз бүрийн хүчин зүйлсээс болж үүснэ. Дахиж болно. Чонон хөрвөс үүсэх маш олон шалтгаан бий. Тиймээс заавал эмчид үзүүлж, оношлуулах хэрэгтэй. Сорил тавиулахаас гадна ходоодоо дурандуулж, өтгөнөө шинжлүүлж байж шалтгааныг нь нарийн тодруулдаг. Тиймээс Фэйсбүүк дээр бие биенээ хорлох гэж буй мэт баталгаагүй зөвлөгөө өгч огт болохгүй. Харшлын улирал эхэлсэнтэй холбоотой янз бүрийн мэдээллээр бусдыгаа эрсдэлтэй байдалд битгий хүргээрэй.    

-Гэдэсний ашигтай бактери агуулсан тараг дархлааг сэргээдэг гэж үздэг. Гэтэл эмч нар цагаан идээ болон исгэлэн жимсийг харшилтай хүмүүст хориглодог. Энэ нь ямар учиртай вэ?

-Сүү, тараг хоёр ондоо хүнс шүү дээ. Тараг бол сүүний хүчлийг нь саармагжуулсан, ашигтай бактери агуулсан хүнс учир дархлааг дэмжинэ. Ашигтай бактери агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх нь олон талын ач тустай. Энэ асуудал миний судалгааны ажлын нэг бүлэг болж байсан. Ашигтай бактери гэдгийг манай улсад шинжилж судлахад хэцүү л байна. Үүнийг коронавирусийг шинжлээд байгаа PCR төхөөрөмжөөр л илрүүлэх боломжтой. Гэхдээ энэ тал дээр санаагаа чилээх хэрэггүй ээ. Зүгээр л өөрсдийн бүрсэн тараг ууж хэрэглэхэд болно. Мөн антибиотик их хэрэглэх нь гэдэсний ашигтай бактерийг "хороож" байдаг.

-Сүүлийн үед дөнгөж төрсөн нярай хүүхдэд харшлын шинж тэмдэг илрэх боллоо. Эдгээр тохиолдлууд удамшиж байна уу, эсвэл орчин нөхцөлөөс хамаарч байна уу?

-Энэ нь харшлын эмч нарт тулгардаг хэцүү асуудлуудын нэг. Юунаас эхэлдэг вэ гэвэл хүүхдийг дөнгөж төрмөгц гаднын хүн оруулахгүйгээр гэртээ таг түгжиж бөөцийлдөг. Гадаа гаргахгүй бүх зүйлээс тусгаарлаж хэт цэвэр цэмцгэр орчинд хүн амьтан ойртуулахгүй байх нь буруу. Ургамлын тоосны харшлаас сэргийлэхийн тулд хамгийн чухал нь  ургамал цэцэглэх үеэр үүрийн 04-10 цаг, оройн 17-20 цагийн хооронд цонхоо онгойлгохгүй байх хэрэгтэй. Нялх хүүхдэд будаа, буурцагны дэр хамаагүй дэрлүүлж болохгүй. Түүнчлэн ээж нь харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 75 хувь байдаг. Харин эцэг, эх нь хоёул харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 85 хувь болж өснө.

-Хуурамч харшил гэж хүмүүс ярих болсон. Энэ ямар учиртай вэ?

-Өтгөн хатдаг, элэг цөсний өвчтэй гэх мэт хүмүүст түр зуур гараад өнгөрөх харшил үүсэж болно. Энэ төрлийн харшлын шалтгааныг олчихвол эмчлэх бүрэн боломжтой.

-Харшилтай хүнд зарим төрлийн хүнсийг хориглодог. Хүнсний хоригоо хэр удаан хугацаанд сахиж байж бүрэн эмчлэгдэх вэ?

-Тухайн өвчтөн яг юунаас харшилтай вэ гэдгийг шинжилж, маш сайн ялган оношлох хэрэгтэй. Жишээлбэл, өвчтөн хус модноос харшилсан бол энэ төрлийн хүнсийг хэрэглэж болохгүй. Тиймээс харшлыг өдөөгч хүнсээ олж мэдээд эмчилгээний хугацаандаа хэрэглэхгүй байвал шинж тэмдэг намжина.

-Зарим хүмүүс харшлын сорил өгөлгүйгээр дур мэдэн сайн гэсэн эм тариа хэрэглэх нь их боллоо. Үүнээс үүдэн харшил нь цааш даамжирч,  сөрөг үр дагавар үүсэх боломжтой юу?

-Ямар эм бэлдмэл хэрэглэх нь цэвэр хувь хүний асуудал. Эмч нарт хэн нэгний эрхэлж буй бизнесийг хааж боох эрх байхгүй. Харин эмч нар өвчтөнд “Боль доо” л гэдэг. Мөн гормон агуулсан эм, тариа дур мэдэн хэрэглэх хүмүүс ч бий. Шинж тэмдгээ хурдан дарахын тулд гормон агуулсан эм уувал сөрөг нөлөө маш их үүснэ. Жишээлбэл, ясны сийрэгжилт,элэгний өвчин, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх гэх мэт олон өвчин эмгэгийг үүсгэж байдаг. Үүнийг мэдэлгүй уух нь эрүүлжих бус бусад эд эрхтнээ нэмж өвчлүүлэх эрсдлийг нэмдэг юм. Эмч нарт хүнийг хордуулахгүйгээр зөв эмчил гэдгийг заадаг. Тиймээс мэргэжлийн харшлын эмч яагаад ч ийм эмийг өвчтөндөө зөвлөхгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.21) 2022 оны 05 сарын 07

Ene emciin emnelgen haana bdgiin bol?

0  |  0
zochin(66.181.161.98) 2022 оны 04 сарын 22

.....

0  |  0
zochin(66.181.161.98) 2022 оны 04 сарын 22

no no

0  |  0
Top