Бэлчээрийн боломжит даацаас 2.5 дахин хэтэрсэн байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа ч бэлчээрийн боломжит даацаас 2.5 дахин хэтэрсэн.

Мөн бэлчээрийн ачааллыг 33 хувиар нэмэгдүүлэн бэлчээр, тэжээлийн хүрэлцээ, усны хомстол үүсэж байгаа нь цөлжилт эрчимжих, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурахад сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байна.

Монгол Улсын Их хурлын 2020 оны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан.

Малын тоо толгойн албан татварын орлогыг зарцуулахдаа хуулийн хүрээнд салбарын бодлого, чиглэлтэй уялдуулахад онцгой анхаарах шаардлагатай байгаа тул “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, анхаарах зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр /2022.04.21/ ХХААХҮЯ-аас Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан тогтвортой ХАА-н үйлдвэрлэл” төслийн хүрээнд Бодлого судлалын төв, ХААИС-ийн Мал аж ахуйн биотехнологийн сургуультай хамтран зохион байгууллаа.

 

 

Хэлэлцүүлгээр малын тоо толгойн албан татварын хэмжээг холбогдох хууль, журамд тусгагдсаны дагуу тогтоох, татварын орлогын эх үүсвэрийг салбарын бодлого, чиглэлд уялдуулан үр дүнтэй зарцуулах, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлийн үр дүнд хяналт тавих талаар цаашид онцгой анхаарах нь зүйтэй гэж дүгнэн, зөвлөмж гарган холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, харьяа байгууллага, агентлагаас төлөөлөл, ХААИС-ийн Мал аж ахуй, Биотехнологийн сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бодлого судлалын төв, 21 аймаг, нийслэлийн Мал үржлийн албаны дарга нар болон зарим мэргэжлийн хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top