Хөдөлмөрч нөхөр юм. Барьцыг чимх чимхээр бус атга атгаар ахиулдаг бололтой. Богино зайд ч хурдтай юм уу. Шинэ зууны босгон дээр буюу 2000 онд Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны Нийгмийн ажилтнаар ажлынхаа гарааг эхлүүлж, Олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээр ажиллаж байсан залуу дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, улмаар 2008 онд дүүргийн Засаг даргаар тодорсон.
Дүрмийн дагуу бол дүүргийн МАН-ын хорооны дарга Засаг даргаар залрах ёстой ч тэр ороод ирсэн. Гэхдээ тухайн үед дүүргийн МАН-ын хороог парламентаас хэн нэгэн нь удирдаж байсан байх. Өнөөдөр гэхэд л Ц.Сандаг-Очир өөрөө Багануурын МАН-ын хороог парламентаас удирдаж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Налайх дүүрэгт УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Чингэлтэй дүүрэгт УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан гэх мэтээр цааш явна. УИХ-ын дэд дарга, том сайд, дарга нар төрийнхөө албыг л залгуулна биз дээ. Яах гэж намын бага, дунд шатны байгууллагатай зууралдаад байдаг юм гэхээр учир бий.
Уг нь намын анхан дунд шатыг бэхжүүлэх үйлсэд тэндээ ажиллаж байгаа, өсөх ирээдүйтэй залуус ажиллах зүй ёсны шаардлага байдаг ч УИХ-ын гишүүн, сайд дарга нар нь парламентаас удирддаг нэг жишиг тогтоод удаж байна. Энэ нь тэдний орон нутагт нөлөөллөө тогтоох, рейтингээ хадгалах гэсэн нэг арга юм. Ингэхээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын томилгоо ч Засаг даргаар бус УИХ-ын гишүүн, сайд, дарга нараар дамждаг нэг гаж тогтолцоо бий болчихсон. Эрхмүүд дүүргийн томилгоонд оролцож байж сая нэг анхан, дунд шатандаа нэр хүндтэй байж чаддаг гэх зэргээр байж боломжгүй сүлжээ дүүргүүдэд бий. Тэдний нэг бол яах аргагүй Ц.Сандаг-Очир гишүүн юм.
Хорооны нийгмийн ажилтан залуу наймхан жилийн дараа Засаг дарга болно гэдэг том амжилт. Амжилт гэхээсээ илүүтэй маш сайн ар тал, дэмжлэг байв уу, тэр өөрөө маш сайн цүнх баригч байв уу гэдэгт ихээхэн учир байгаа болов уу. Аль нь ч бай, тэр улс төрд асар хурдтай гарч ирсэн шигээ өндөр авсан хүн. Энэ утгаараа тэр төрийн албанд жинхэнэ бадар барьсан “бадарчин” шиг мөлхөж яваад өнөөдрийн өндөрлөгт ирсэн байх магадлалтай. Өнөөдөр ч парламентад жижигдэхийн хэрээр бадар барьж яваа л нэг сул гишүүн.
Яахав, шууд Тусгаар тогтнолын ордноос нэг цүнх баригч парламентад ороод ирэхтэй адил зүйл биш. Хорооноос дүүрэг, дүүргээс Засаг дарга, МАН-ын үүрийн дарга гэх мэтээр шат дарааллаар алба хашиж байгаад парламентад орж ирсэн гэхээр ажлын туршлагаас эхлээд түүнд бусдаас давуу тал бий. Энэ утгаараа Ц.Сандаг-Очир Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон дамжин цүнх барьсан этгээдүүдээс тэс өөр хүн гэж болно.
Мөн түүний намтар бусад түшээд шиг МУИС-ийн хоёр ч сургууль, АНУ-ын Харварьд, Жорж таун ч гэх юм уу ямар нэг сургуулийн нэрс байхгүй, “Тэнгэр” гэх дээд сургуулийг Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн нөхөр.
Удирдлагын академид Төрийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр хамгаалсан гэх. Энэ ч яахав, хуучин нийгмийн үед МАХН-ын дарга нарыг бэлддэг байсан, өдгөө ч энэ зарчмаасаа нэг их хазайгаагүй сургууль. Олны ярьж байгаагаас сонсоход “Удирдлагын академид бүртгүүллээ. Амарч найрлалаа, төгслөө” гэсэн наргиа ч байдаг. Хүнд үзүүлэх бичиг баримтаар ховор, намын харьяалал, улстөрчдийн дэмжлэгээр тодорсон сумын болон аймаг, дүүргийн Засаг дарга нар, зарим алба хаагчид намын шугамаар сурдаг тийм газар бололтой юм. Тэгэхээр түүний ажил, амьдралын 20 жилийн сэтгэл зүтгэл нь УИХ-ын гишүүн болголоо гэхэд хэтийдэхгүй.
Ядуу тарчиг төсөвтэй төрийн албанд 20 жил ажилласан гэхэд нийтийн дөрвөн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто граж, 37 сая 440 төгрөгөөр үнэлэгдэх малтай хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Одоогоос тавхан жилийн өмнө түүний нэг жилийн орлого 55 сая, 845 мянга байсан бол 2020 оны мэдүүлэгт 200 сая, 479 мянган төгрөгийн орлоготой гэдгээ өчжээ. Мөн 45 сая 108 мянган төгрөгийн хадгаламжтай, бусдаас 25 сая төгрөгийн авлагатай гэхээр зүдүү хүн бол биш. Гэхдээ парламентын том баячуудын дэргэд бол чөдрийн хоёр морь, саалийн гурван үнээтэй л нөхөр юм уу даа.
Өнөөдөр 20 жилийн дотор дөрөв, таван орон сууцтай болох нь бүү хэл 20 жилийн турш нэг орон сууцны лизинг төлж дийлэхээ больсон цагт бол их л баян нөхөр санагдаж магад. Ц.Сандаг-Очир гишүүний хувьд элдэв хэл аманд ороогдоод байдаггүй. Хууль бус зүйл хийлээ, төрөөс луйвар хийлээ гэж тэгтлээ цоллуулаад байдаггүйг бодоход цаанаа ямар нэгэн бизнес эрхэлж хөдөлгөдөг байх. Түүнээс бус Нийгмийн ажилтны цалингаас Засаг даргын цалин дамжаад, УИХ-ын гишүүний цалин авлаа ч дөрөв байтгуай ганц ч орон сууц худалдаж авч чадахгүй нийгэмд амьдарч байгаа гэдгийг хэн бүхэн мэднэ.
Гэхдээ дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Газрын албаны дарга Х.Хишигбадрахтай нийлж, хууль бусаар газар олгосон гэх хэл ам байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй тэднийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, урт хугацаанд шалгаж, анхан шатны шүүхээс төрийн албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаатайгаар хассан.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу долоон сая төгрөгийн 720 мянган төгрөгийн торгууль ногдуулж байв. Ингэхдээ Газрын тухай хууль зөрчиж, улсад онц их хэмжээний буюу 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн юм. Үүний цаана өдгөө мэдүүлээд байгаа хөрөнгө орлогын эх үүсвэр байдаг биз ээ. Хөрөнгө орлогын мэдүүлэг болон шүүхээс торгуулийн ял авч байсан зэргээс харахад тэр зүгээр ч нэг шударгаар засаглаад байгаагүй, хууль бус зүйл хийж, хуруу хумсаа элдэв зүйлд дүрж байсан нөхөр гэдэг нь харагдана. Тэгээд ч тэрбум тэрбумаар хэмжигдэх мөнгөн дүнтэй сонгуульд өрсөлдөж байгаа компанигүй, бизнесгүй нөхөрт буруу гарын хөрөнгийн эх үүсвэр байхаас өөр яах юм. Тавантолгойн 1072 хувьцаанаас өөрөөр аж ахуйн нэгжид эзэмшил байхгүй юм билээ.
Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө МАН-ын Мөрийн хөтөлбөрийг ам дүүрэн амлаж ирсэн. Түүнийг сануулахад илүүдэх юун. Юуны өмнө тэд Багануур дүүргийн бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ хэмээсэн. Ийнхүү цааш олон зүйл байгаагаас дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт шилжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрчим хүчний шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх, Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлшний үйлдвэр байгуулах, гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, хуучны орон сууцны гадна фасадыг дулаалж, өнгө үзэмжийг нь сайжруулах гэх мэт олон зүйл байгааг сонгогч олон мартаагүй байх.
Ц.Сандаг-Очир гишүүний бүрэн эрхийн хугацаа тал дундаа орж байхад эдгээр зүйлээс биелсэн зүйл байна уу гэж асуувал “байхгүй” гэж хариулна. Өнгөрөгч хугацаанд тус дүүрэгт бие даан хөгжих ямар ч бодлого явуулсангүй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт шилжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрчим хүчний шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ гэсэн, нэмэгдүүлсэнгүй.
Харин ч цаадуул нь байгаагаа тордож, бие даасан хот болгох боломж байсаар байтал шинээр дагуул хотын зураг төсөл гэх мэт агаарын зүйлс ярьж байна. Тэгээд ч Улаанбаатарт Багануур руу нүүлгэн шилжүүлэх ямар ч хүнд үйлдвэр байгаа юм, бүү мэд. Мөн Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлшний үйлдвэр байгуулах, гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барих зэрэг нь бүгд цаасан дээрх сонгууль болон үлдэж байна. Энэ бүхэн хийгдэхгүй гэсэн үг. Зарим тал дээр шав, сууриа тавих боломж байсан ч эдийн засгийн уруу дорой байдлаас үүдэн, төсөв тодотгох, “Хэмнэлтийн тухай хууль” нэрээр энэ бүгдийг царцаасан.
Өнөөдөр сууриа тавих нь бүү хэл, зураг төслөө гаргаагүй, бодлогоо ч зураагүй байгаа зүйлд найдах ямар ч хэрэггүй. Одоо ийм нөхцөлд байгаа цаасан дээрх амлалтууд айсуй 2024 онд яг энэ хэвээрээ л байна гэсэн үг. Нөгөө талаар Ц.Сандаг-Очир гишүүн жижигдэж байгаа нь юу юунаас харагдана. Тэгэхээр ирэх 2024 онд Багануурынхан МАН-д гэхээсээ илүүтэй Засаг дарга асан Ц.Сандаг-Очирт дүн тавина. Цаасан дээрх Мөрийн хөтөлбөрт зурсан зүйлсийг түүнээс нэхнэ.
Тэр үед л хэлэх үггүй парламентад сууж байснаа цар тахал руу чихэх үү, нөмөрт нь багтсан нам руугаа чихэх үү гэдэг асуудал зүй ёсоор тосон авна. Яагаад ч өөртөө наахгүй байх, ямар нэг аргаар бултуулах л гэж үзнэ дээ. Ийнхүү 2020 онд Багануураас бадар барьж гарсан нэг “бадарчин” эргээд 2024 онд Улаанбаатараас бадар бариад очно, яах вэ, багануурчууд аа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Яаж хөрөнгөтэй болсоныг нь шалгуулах хэрэгтэй шдэээ,,!!
манай гишүүн их мундаг хүн шүү баганууртаа том босс