Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг Засгийн газраас 2021 оны гуравдугаар сард илэрхийлж байсан билээ.
Тэгвэл үүнээс нэг жил гаруйн дараа 2022 оны төсвийн тодотгол болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслүүдийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо” зэрэг төрийн өмчит 37 хуулийн этгээдийг 34 хүртэл хувийн энгийн хувьцаа нэмж гарган хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан, нээлттэй хувьцаат компани болгохоор УИХ-ын тогтоолын төсөлд тусгаж оруулж ирлээ.
Тодруулбал, УИХ-ын тогтоолын төсөлд заасан “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийн төслөөр дараах төрийн өмчит хуулийн этгээдүүдийг 34 хүртэл хувийн энгийн хувьцаа нэмж гарган, хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар тусгаад байна.
Мөн “Төрийн өмчит банкны хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төслөөр “Төрийн банк” ХХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшил 80 хувиас доошгүй байх бөгөөд нийт хувьцааны 20 хүртэлх хувийг үе шаттайгаар олон нийтэд нээлттэй арилжаалахаар тусгажээ.
Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгон хувьцааг олон нийтэд нээлттэй худалдаалснаар эдгээр компаниудыг олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой байдал, ил тод байдлыг хангах, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголтой холбогдуулан чуулганд үг хэлэхдээ, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах талаар:
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно. Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтална. Харин жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэхээ илэрхийлье” гэсэн юм.
Сануулахад, энэ сарын 7-8-ны өдрүүдэд Монголын Эдийн засгийн чуулганы хүрээнд “Төрийн бүтээмжийн сэргэлт, авлига, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлгийн үеэр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа сонгуулиар гарсан улс төрийн намын санал, үзэмжээр явагдаж ирсэн хэмээн хэлж байсан. Мөн төрийн өмчит компаниудыг дөрөв ангилж, хэдэн хувь нь төрийн өмчид байх, хэрхэн ажиллах талаарх саналаа Засгийн газарт танилцуулна гэж байсан юм.
Мөн МХБ-ийн захирал Х.Алтай “Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компани. Гэхдээ хувьцаат компани болох ёстой. Энэ асуудал нэн тэргүүнд шийдэгдэх шаардлагатай. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын асуудлыг яриад өнгөрөх биш ажил хэрэг болгох хэрэгтэй” гэсэн.
Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Төр хувийн хэвшлийн түншлэл нь Шинэ сэргэлтийн амин сүнс нь байх ёстой. Төр хатуу итгэл үнэмшилтэйгээр аж ахуйн үйл ажиллагаанаас татгалзчих, төрд байгаа 106 компанийн ихэнх нь алдагдалтай, цөөн хэдэн компанийнхаа орлогоор нийт алдагдлаа балансалдаг. Хувьчлах юм бол илүү ашигтай. Эцсийн дүндээ үр дүн, гарц чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, хувийн хэвшил тэлэх тусам татварын орлого нэмэгдэж, итгэлцэл бий болно” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.
Тодотгоход, 2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Тэгвэл энэ нийт ашгийн 1.1 их наяд нь Эрдэнэт үйлдвэрээс, 440 тэрбум төгрөг нь Эрдэнэс-Тавантолгой компаниас олсон ашгаас бүрдсэн. Харин бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн тооцоолол бий. ТӨБЗГ-аас өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд одоогийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэж байв.
Засгийн газар энэ оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудынхаа нэгэнд Төрийн өмчийн компанийн шинэчлэл гэж тодорхойлсон. 2022 оны төсвийн зорилтыг харахад, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм.
Сэтгэгдэл ( 5 )
Яриад л байхаар хувьцаагаа гаргаачээ.Удаан юмаа.2 жил гаруй ярьлаа.Ярьдаг дарга олон болж дээ.
дампууу юм
төрийн өмчтэй цүнх баригч даргатай компаны хувьцаа авах хүн олдохуу. шууд хувьчлаад зарвал хүмүүс мөнгө босгоод өөрсдөө хөрөнгө оруулна. төрийн мэдлийн дарга нарт тэгж мөнгөө алдахыг хэн ч хүсэхгүй
34huiviig bol nogoo l mongotei oligarhiud l avna sh dee. Jiriin irgend bol bolomjgui 100 huvitsaa avlaa geed yamar ashig hurtene gej buten jil huleeh yum aan.
34 хувь гэнэ. хэн авах юм бэ? 66 хувь нь төрд байх уу? Дийлэнхи олонхийг нь эзэмшсэн төрийн хараанд 34 хувийг нь хувийнхаа мөнгөөр авчихаад дарамтлуулж суухуу? Хувцаа эзэмшигч гэж хэлүүлэх дон туссан биш. Эсвэл 34 хувийг нь нэг хүнд , нэг улсад өгөх гээд байгаа хэрэг үү? Харин 51 хувийг нь нийтэд арилжаалаж 49 хувь нь төрдөө байж байдлийг харна гэвэл арилжаанд оролцож хувьцаа авна.