ОРХОН: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо” уулзалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Орхон аймаг “Жендэрт суурилсан хүний эрхийг хүндэтгэе” 4 сарын аян зарлан олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Xөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо” сэдэвт аян байв. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, тэдний ажиллаж амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөгөө батлан хэрэгжүүллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Xөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо” сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж энэхүү аяны хаалтыг хийсэн юм.

Тус арга хэмжээнд Орхон аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 гаруй төлөөлөл зэрэг 450 гаруй хүн хамрагдав. Хөдөлмөр нийгмийн хамгааллын Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, мөн тус газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль тогтоомж, нийгмийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болороо “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт”-ыг зохион байгууллаа.

Түүнчлэн уг арга хэмжээний үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих чиглэлээр Орхон аймагт хэрэгжүүүлж буй ажлууд” тайлант нэвтрүүлэг, “Хөшгөө нээе” баримтат нэвтрүүлэг, боловсролын тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэхээр хийгдэж буй “Тэгш боломж”, Хүмүүн бие даан амьдрах төвтэй хамтран хэрэгжүүлэх “Хувийн туслах үйлчилгээ” төслийн танилцуулга мэдээлэл өгөв.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг танилцуулах ажлыг зохион байгууллаа.

Сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоотой хамтран сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн багийг чадавхжуулах сургалт зохион байгуулж 50 гаруй хүнийг хамруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран хүүхдийн эрт илрүүлэг, үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч, эмч, багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж 100 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, 60 гаруй албан хаагчдыг хамруулсан юм.

Мөн дэд бүтцийн хүртээмжийг үнэлэх, зөвлөмж өгөх ажлын хэсэг байгуулан “Тэгш боломж-ээлтэй орчин” аян зарлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагыг туршлага судлуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна.

Орхон аймагт 4216 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас 0-18 насны хүүхэд 411 байна. Орхон аймгийн хувьд бусад аймаг, дүүрэгт үлгэрлэхүйц олон арга хэмжээ авч хэрэгжүүлдгийн нэг нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асран хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх /эцэг/-ийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлөхөөр жил бүрийн төсөвтөө суулган хэрэгжүүлсээр 9 жил болсон байна. Энэ хөнгөлөлтөд 2022 оны байдлаар 80 гаруй хүн хамрагдсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top