Монгол Улсын Засгийн газар болон Итали Улсын Засгийн газраас Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар багагүй хугацаанд ярьж ажил хэрэг болгоход онцгой анхаарсаар ирсэн.
Энэхүү хамтын ажиллагаа үр дүнд хүрч, ажил хэрэг болж байгаагийн нэг чухал жишээ болж өчигдөр /2022.04.26/ “Итали-Монголын Текстил (нэхмэл)-ийн технологийн төв”-ийг албан ёсоор нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Лаура Ботта, Италийн Нэхмэлийн машин үйлдвэрлэгчдийн холбоо (АЧИМИТ)-ны ерөнхийлөгч ноён Алессандро Зукки, Монголын ноос ноолуурын холбооны удирдлагууд, тус төвд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн компаниудын удирдлагууд, донор байгууллагын төлөөллүүд оролцлоо.
“Итали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэд байгуулсан “Текстилийн технологийн төв”-ийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгаа нь Монгол Улс, Итали Улсын хооронд нэхмэлийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой өдөр болж байгааг цохон тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улс малын гаралтай түүхий эдийн арвин их нөөц баялагтай орон бөгөөд Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны бодлого болон Шинэ сэргэлтийн бодлогод “малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэлхийн брэндийн түвшинд хөгжүүлэх, ноолуурын салбарыг дэмжин самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх” зорилтууд тусгагдсан.
Энэхүү технологи төвөөр дамжуулан Итали yлсын туршлага, шилдэг техник технологийг нутагшуулах, улмаар түүхий эдээ бүрэн боловсруулж, зах зээлд гаргахад хамтарч ажиллах томоохон боломж бий болж байна” хэмээн төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн хэлсэн юм.
Итали улсын техник технологи нь ноос ноолуурын салбарт хамгийн шилдэгт тооцогддог. Шинээр нээгдэж буй энэхүү төв нь орчин үеийн өндөр технологи бүхий төхөөрөмжүүд дээр ажиллах дадлага туршлагатай инженерүүдийг бэлтгэх, чадавхжуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
“Итали-Монголын Текстилийн технологийн төв”-ийн гол зорилго нь:
Тус төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр текстилийн үйлдвэрлэлийг цаашид эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол ноолуурыг дэлхийн тавцанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )