Бэлгийн хүчирхийллийн хохирогч охид ба бидний анхаарах асуудал

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Манай улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд үүнээс 35 хувийг 0-19 насны охид эзэлдэг гэсэн Үндэсний статистикийн газрын мэдээ бий. Тэдэнд хамгийн түгээмэл тулгардаг асуудал бол хүчирхийлэл.

Охидын эрхийг хамгаалдаг “Гүнж” төвд хандсан 7-16 насны охидын дунд явуулсан судалгаагаар тэдний 54 хувь нь ураг төрлийн хүчирхийлэлд өртдөг бол 30 хувь нь болзооны үеийн хүчирхийлэлд өртдөг байна. Энэхүү сэтгэл эмзэглүүлсэн асуудал өдгөө нийгэмд хавдар мэт бугшиж, хүрээ нь хумигдах бүү хэл нэмэгдэх болжээ. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссоос гаргадаг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын 21 дэхь илтгэлд ч тодорхой тэмдэглэжээ.

Монгол Улсад 2012 оны байдлаар 93968 хүүхэд хөдөлмөр эрхлэж байгаагаас 5-11 насны 31 мянга, 12-14 насны 28 мянга, 15-19 насны 33 мянган хүүхэд байдаг гэж гарчээ. Харин хүйсээр нь авч үзвэл, 43 мянга гаруй нь эмэгтэй хүүхэд гэнэ. Насанд хүрээгүй охид бэлгийн мөлжлөгт өртөх тохиолдол бидний эргэн тойронд их гарах болов.

Тухайлбал, сүүлийн таван  жилийн  байдлаар улсын хэмжээнд 2017 онд 138, 2018 онд 309,  2019 онд  350,  2020 онд  328 , 2021  оны байдлаар 418  охин бэлгийн  хүчирхийллийн  хохирогч  болсныг холбогдох албаныхан танилцуулсан юм. Энэ төрлийн гэмт хэргийн талаар баримт сөхье.

2020 он

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорт байдаг сүмийн хашаанд гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Гэмт этгээд С нь 26 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсныг цагдаагийн газраас тогтоосон байдаг..

2019 он

2019 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн Цэхээ гэдэг газар дөрвөн настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Тодруулбал, “Б” гэгч нь охины ээжийг малдаа явах хойгуур нь ахыг нь гар утсаараа тоглуулан гадаа гаргаад бяцхан охиныг хүчирхийлжээ. Уг хэргийг үйлдсэн сэжигтэн “Б”-г Баян-Өлгий аймгийн хилээр оргон зугтах гэж байхад нь цагдаа нар баривчилсан байдаг.

2018 он

2018 оны дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүрэгт хичээлээ тараад харьж явсан  есөн настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэрэг тус дүүргийн Орбит захаас хойшоо "Буман-Өлзий" хорооллын орчимд үйлдэгдсэн бөгөөд охиныг хичээлээ тараад гэр рүүгээ явж байтал нэгэн үл таних залуу дэлгүүр рүү дагуулан орж чихрээр хуурч, улмаар ойролцоох жалга руу оруулж хүчирхийлсэн гэдэг.  Уг хэргийг  үйлдсэн этгээд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд оршин суух 1994 онд төрсөн Ж гэгч байсан юм.

2017 он

2017 оны намар шинээр оюутан болж Улаанбаатар хотод суралцахаар ирсэн охин, хамаатныхаа ахад удаа дараа хүчиндүүлсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, тус оны нэгдүгээр сард “С” нь өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ мэдсэн бөгөөд хэнд хандахаа мэдэхгүй явсаар хүүхдээ төрүүлэхээс өөр аргагүй болжээ. Эл хэрэгт охин гомдолгүй гэж мэдүүлсэн учраас гэмт хэрэг үйлдэгчид ял оноогоогүй аж.

2016 он

2016 оны хавар Сүхбаатар дүүрэгт 15 настай бяцхан охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн хэрэг гарчээ. Эцэг нь охиныг удаа дараа хүчирхийлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Шүүхээс охиныг хүчирхийлсэн хойд эцэгт долоон  жилийн ял оноосон бөгөөд  эл хэргийн улмаас эх нь гэрлэлтээ цуцлуулжээ.

2015 он

2015 оны тавдугаар сард 16 настай охин “Ц” болзооныхоо үеэр таксины хоёр жолоочид хүчиндүүлсэн харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр болзоонд уригдсан бөгөөд үе тэнгийн хөвгүүн байх гэж бодсон боловч өөрөөс нь ахимаг насны хоёр залуу түүн рүү мессэж бичдэг байсан аж. Шүүхээс уг хэрэгт холбогдуулан гэмт этгээдүүдэд 14 жилийн ял оноосон байна.

2014 он

2014 оны арванхоёрдугаар сард Гачууртын Шар хоолойн аманд байрлах нэгэн асрамжийн газарт 15 настай Г охиныг тус төвийн захирал болон дуу хөгжмийн багш нар нь удаа дараа хүчинддэг байсан нь тогтоогдсон. Уг хэрэгт холбогдуулан гэмт этгээдүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд 17 жилийн ял оногдуулжээ.

Энэ мэтчилэн болж өнгөрсөн хэргийг дурдаад байвал дуусашгүй. Ялангуяа сүүлийн хоёр жил хөл хориотой үед гэр бүлийн хүчирхийлэл, бага насны охидын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн гаралт эрс өссөн байдаг. Хамгийн аймшигтай нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд бэрх. Хохирогчдын ойр дотны, хамаатан садан нь хүчирхийлэл үйлдэгч байдагтай ч холбоотой юм. Нөгөө талаар энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын бодлого сул, зарим тохиолдолд ял завших тохиолдол ч гардаг нь нууц биш. Нийгмийн хар сүүдэр болсон дээрх асуудлыг төрийн хэмжээнд анхаарч, охидоо хамгаалах асуудлыг хуулийн хүрээнд дорвитой  ажил эхлүүлмээр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cc(172.56.42.58) 2022 оны 05 сарын 02

Ene huchirhiilegch hulgaich nariin zurgiig oron dayar uzuulj ner ustai ni zarlahgui bol ene hezee ch zogsohgui

0  |  0
Top