Монгол Улсад 6800 орчим гаднын иргэн амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тэдгээр гаднын иргэнийн олонх нь мэдээж хятадууд. Нэг үеэ бодоход манай улсыг зорин ирэх гаднын жуулчдын тоо болон суурьшиж амьдрах гадаад иргэдийн тоо хэд дахин нэмэгджээ.
Үүнийг дагаад “Foreigner in Mongolia”, “Expats in Mongolia” зэрэг Фэйсбүүкийн груп, нийгэмлэг, холбоо олноороо бий болж, үзэл бодлоо солилцож, мэдэхгүй зүйлсээ мэддэг нэгэндээ хэлж өгөхөөс гадна Монголд амьдрахад тулгарч буй саад бэрхшээлийн талаар ч өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон байна.
Саяхан “Expats in Mongolia” гэх Фэйсбүүкийн групт манай улсад амьдарч буй гаднын иргэд тулгарч буй бэрхшээлийнхээ талаар санал бодлоо солилцжээ. Иргэд хамгийн их тулгамдаж буй бэрхшээлээр замын түгжрэл, хог болон нус цэрээ ил задгай хаях, таксины жолооч илүү мөнгө авахыг оролддог талаар, мөн хэд хэдэн удаа дээрэмдүүлэх шахсан талаараа бичжээ.
Дээр дурдсан бэрхшээлүүдийг харахад шийдвэрлэхэд хэцүү, төвөгтэй асуудал биш мэт. Гэхдээ энэ жижигхэн асуудал биднийг гадныхны нүдэнд ямар муухай харагдуулдаг бол. Орчин үед хүн бүр аль нэг улсад аялах, суралцах болон амьдрахдаа тус улсын талаар судалж, хангалттай мэдээлэл авчихдаг болсон. Харин бидний өдөр тутамдаа санаатай болон санаандгүй байдлаар хогоо болон нус цэрээ ил задгай хаях зэрэг үйлдэл хэдэн мянган гадныхныг биднийг өөр нүдээр харахад хүргэж байгаа бол. Уул нь аугаа бүхэн энгийнээс эхэлдэг гэдэг дээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )