Эмийн үнийн хөөрөгдөл, тасалдалын талаар Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяагаас тодрууллаа.
-Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал хэр байна вэ?
-Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал болон томуу, томуу төст өвчний тархалт жил бүрийн аравдугаар сараас эхлээд гуравдугаар cap хүртэл өндөр байдагтай холбоотойгоор зарим нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийн эрэлт эрс нэмэгдэж, хомсдох эрсдэл үүссэн. Тухайлбал, хүүхдэд хэрэглэгддэг зарим нэрийн нянгийн эсрэг эмүүд болох Флемоклав солютаб, Амоксиклав нь зах зээлд тасалдаж байна. Гэхдээ бусад улсаас бүртгэлтэй буюу БНСУ-ын болон дотоодын үйлдвэрийн ижил үйлдэлтэй нянгийн эсрэг эмүүд бүрхүүлтэй шахмал, капсул хэлбэрээр зах зээл дээр байгаа.
-Ямар шалтгаанаас үүдэн эм тасалдаж байгаа вэ?
-Монгол Улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгддэг нийт эм, эмнэлгийн хэрэгслийн 20 орчим хувь буюу давхардсан тоогоор 1600 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын 43 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр хангаж, үлдсэн 80 орчим хувийг импортлон оруулж ирж байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас 2021 оны аравдугаар сараас эхлэн Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын боомтууд хаагдах, хязгаарлагдах зэрэгтэй холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа их хэмжээгээр саатаж, ханган нийлүүлэх байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийг импортоор татан авахад хоёроос доошгүй сарын хугацаа шаардагдаж байна.
БНХАУ-д коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалт тогтмол нэмэгдэж байгаагаас шалтгаалан тус улс хөл хорио тогтоох, дотооддоо эмийн нөөц бүрдүүлэх зорилгоор гадагшаа экспортлох хориг тавих, хилийн хатуу хязгаарлалтыг үргэлжлүүлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн Украин улсад болж байгаа цэргийн ажиллагаатай холбоотойгоор манай улсад Украин, ОХУ, Европын улс орнуудаас импортлогддог эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нийлүүлэлт хүндрэх эрсдэлтэй байгаа. Мөн арилжааны банкууд гадаад гүйлгээнд хязгаарлалт хийсэн нь эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр хугацаандаа төлөгдөхгүйгээс татан авалт хийгдэхгүй, улмаар тендерийн нийлүүлэлт хоцрох, зах зээлийн тасалдал үүсэхэд нөлөөлж байна.
-Эмийн үнэ, ханш, орчин нөхцөл ямар байна вэ?
-Монгол Улсын зах зээл дээр байгаа эмийн 80 орчим хувь нь импортоор орж ирдэг бөгөөд эм, эмийн түүхий эдийн дийлэнх хувь нь БНХАУ-аар дамжин импортлогддог. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш БНХАУ хилээ хаасан, Украин улсад болж байгаа цэргийн ажиллагаатай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлдэг компаниуд өөр маршрутаар татан авалт хийх, ачаа тээврийн ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэг нэмэлт зардлууд гарч байгаагийн улмаас тээвэрлэлтийн зардал өссөн. Тухайлбал, 2019 онтой харьцуулахад автозам, төмөр зам болон агаарын тээврийн зардал тус тус гурав дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны сүүлийн хагасаас ачаа тээврийг чингэлэгт ачих үнэ 8.000 юань байсан бол 50.000-100.000 юань болж, агаарын тээврийн хувьд нэг кг ачаа тутамд 2-3 ам.доллараар өссөн.
Мөн БНХАУ-ын Эрээн, Тяньжин боомтуудад ачаа тээврийн хүлээгдэл ихтэй байгаа тул энгийн үед газраар татан авдаг ачааг онгоцоор тээвэрлэхэд тухайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Түүнчлэн коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас дэлхий дахинд эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн эрэлт, хэрэгцээ эрс нэмэгдэн, хомсдол үүсэж байгаа нь эмийн үнэд нөлөөлж байгаа. Тухайлбал, импортоор орж ирдэг эмийн хувьд ханшийн зөрүү, тээврийн зардлын өсөлтөөс шалтгаалан бүтээгдэхүүний СИП үнэ 50 хүртэлх хувиар, үндэсний үйлдвэрүүдийн гаднаас авдаг эмийн түүхий эдийн үнэ 2019 онтой харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн.
-Хэзээ тасалдсан эм, эмнэлгийн хэрэгслүүдийг оруулж ирэх вэ?
-Манай газраас улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа, тасалдах үүсэх эрсдэлтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хэрэгцээг тооцоолж, ЭМЯ болон МИАТ ТӨХК-тай хамтран зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр 2021, 2022 онуудад БНСУ, БНХАУ, БНЭУ-аас нийт 185 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд, материал татан авах ажлыг зохион байгуулсан.
БНХАУ-аас импортлох нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн судалгааг ханган нийлүүлэх байгууллагуудаас сар болгон авч, УОК, ГХЯ, ЗТХЯ, ЭМЯ-д хүргүүлэн, БНХАУ-ын талд нот бичгээр уламжилж, шуурхай татан авах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч Хятадын талаас хамаарсан шалтгаанаар ачаа Эрээн болон Тяньжин боомтод саатах, удаашрах асуудал бас байсаар байна. Энэ оны нэгээс гуравдугаар сард нийт 263 чингэлэг ачааны мэдээллийг нот бичгээр БНХАУ-ын талд хүргүүлсэн бөгөөд 194 чингэлэг ачаа буюу 74 хувийг татан авсан, 16 хувь буюу 43 чингэлэг БНХАУ-ын төмөр замын хуваарьт орсон, удахгүй орж ирэх төлөвтэй байна.
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн А/178 тушаалаар улсын хилээр импортын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур, түүхий эдийг саадгүй нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдан, зохицуулалтын шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.
Түүнчлэн арилжааны банкууд гүйлгээний хязгаарлалт хийснээс компаниуд эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга, тээврийн зардлын төлбөрөө шилжүүлэхэд хүндрэл үүсэж байгаа талаар Монголбанканд хандсан. Улмаар энэ сарын 15-ны өдрийн байдлаар 46.9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн төлбөрийн судалгааг хүргүүлж, 27.5 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын гүйлгээг шийдвэрлүүлсэн. Энэ мэдээллийг долоо хоног бүр шинэчлэн Монголбанканд хүргүүлж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд, материалын нөөц бүрдүүлэх, үндэсний үйлвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ханган нийлүүлэх байгууллагуудыг хөнгөлөлттэй зээлд хамруулах судалгааг хийж, хүсэлтийг Монголбанканд уламжилсан.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Төрийн ажлын самраачин. Яана даа, эм тариа тасраад балрах юм байна дөө.
Энэ одоо 2 байгууллагын даргыг зэрэг хийдэг юм уу , НЭМҮТ нь эмийн газрынхаа дотор багтдаг юм уу ккк. Бүүр нэг балайруулж өгөх юм аа
Энэ авгай энэ бгууллага ажлаа хийгээсэй Үгүй бол зайлаад өгөөсэй. Монголчууд 6 дахин илүү үнэтэй хулхиэм хэрэгглэж бгааг болиулаачээ.