ОЛОН ӨНГӨ: Эх орондоо эмчлүүлж, эдгэрмээр байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Хүүхдийн төлөө фонд байгуулах нэрийдлээр нэгэн үдэш урлаг, соёлынхон цуглаж телевизийн эфирээр урлаг, соёлынхон хандив босгосон. Монгол хүний өрөвч, цайлган сэтгэлийг ашиглаж, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” хэмээн уриалж, дуулж хуурдсаар хоёр тэрбум гаруй төгрөгийг тус ТББ-ын дансанд цуглуулж чадсан. Гэвч одоо тэр мөнгө хаана байгааг бурхан ч мэдэхгүй.

Хандивын мөнгөөр хүүхдийн номын сан, театр зэргийг байгуулна хэмээсэн ч тэдгээрийн бараа сураг ч одоогоор алга. Хүүхдэд зориулж соёл, урлагийг дэмжсэн бүтээн байгуулалт хийх нь зүйн хэрэг ч энэ бол өнөөгийн нөхцөл байдалд хамгийн тулгамдсан асуудал биш.

Өчигдөрхөн нэгэн гэр бүлийн гишүүд Төв талбайд бяцхан хүүгийнхээ эмчилгээний зардалд зориулж хандив гуйж зогслоо. Цусны цагаан эсийн хорт хавдар туссан Б.Тэмүүлэн хүү дөнгөж хоёрхон настай. Хүүд чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг нэн даруй хийх ёстой ч Монголд хийж болохгүй гэнэ. Аргаа барсан эцэг эх нь эгч, дүү хоёрыг нь донор болгохоор шийдсэн ба хагалгааг Туркт улсад 500 сая төгрөгийн өртгөөр хийх боломжтой аж.

Сайхан сэтгэлт ард түмнээсээ тусламж эрж зогсох эцэг, эхийн харц даанч өр өвдмөөр. Хэрэв Хүүхдийн төлөө фондны мөнгө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дансанд байгаа бол яагаад энэ мэт хүнд өвчтэй нялх үрсийн эмчилгээнд зарцуулж болохгүй гэж.

Мөн иргэд насаараа эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн ч үр хүүхдэд нь хүнд өвчин хийсч ирэхэд эх орондоо эмчилгээ хийлгэх боломж алга. Хорт хавдартай гэж оношлогдсон хүүхдийг эмчлэх эмч мэргэжилтнийг сургах, дадлагажуулах, мэс засалд шаардлагатай нарийн тоног төхөөрөмжийг худалдан авах хэмжээний мөнгийг улсдаа төлчихөөд гаднын улс руу явах гэж хандив гуйдаг эмгэнэлтэй явдлыг хэзээ эцэслэх вэ. Эх орондоо сайхан амьдарч, эмчлүүлж, эрүүл саруул болох эрхийг нь хумсалхаа боль. Хүүхдэд зориулна гэж ард иргэдээс цуглуулсан мөнгөө зохих эзэнд нь зарцуулдаг бол.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top