Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд дүүргийн Татварын хэлтэс Засаг даргын нэрэмжит “Хариуцлагатай бизнес эрхлэлт 30 жил” уриан дор өнөөдөр / 2022.05.01 / нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Татвар төлөгчдөд татварын боловсрол олгох, бизнес эрхлэгчдийг хариуцлагатай татвар төлөгч болгох, цахим төлбөрийн баримт олголтыг эрчимжүүлэх, далд эдийн засгийг бууруулах зорилготой уг өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл оролцлоо. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 29 зах худалдааны төв байдаг бөгөөд эдгээр худалдааны төвүүдэд бизнес эрхлэгчид нь цахим татварын системд 100 хувь бүртгэгдэж, QR код бүхий төлбөрийн баримт үүсгэн олгож байгаа юм.
Өнөөдрийн өдөрлөгийн хүрээнд дүүргийн татварын хэлтсийн 78 улсын байцаагч, ХААИС болон “Этүгэн” сургуулийн санхүү нягтлан бодох бүртгэлийн ангийн 180 гаруй оюутнууд сайн дураар оролцон 29 зах, худалдааны төвд ажиллаж үйлчлүүлж буй иргэдэд цахим төлбөрийн баримтыг гар утаснаас хэрхэн үүсгэж зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаж байна.
Мөн дээрх худалдааны төвийн онцлог, үйл ажиллагаа болон төлбөрийн баримт олголттой холбоотой худалдаа эрхлэгчдийн санал сэтгэгдлийг сонсож, хариуцлагатай худалдаа эрхлэгчдэд талархал гардууллаа.
Татвартай холбоотой санал гомдлын дийлэнх хэсэг зах худалдааны төвүүдээс ирдэг бөгөөд өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгч иргэд нь татварын системд 100 хувь бүртгэгдсэн ба 95 хувь нь QR код бүхий наалт уншуулан, үлдсэн хувь нь пос терминалаар Ибаримт олгож байна.
Сэтгэгдэл ( 0 )