Монгол Улс БҮХ ИРГЭНЭЭ эрүүл мэндийн үзлэгт хамруулна

2022 оны 05 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 01-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхлэх талаар мэдээлэл өгсөн. Уг мэдээллийг өнгөрөгч баасан гарагт Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд болон Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар хүргэсэн юм. Иргэдийг үзлэгт хамруулах график төлөвлөгөө гаргасан бөгөөд эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явагдах аж. ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэндийн нэн шаардлагатай 10 гол тусламж үйлчилгээнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх эрт оношилж илрүүлэх үйл ажиллагаа багтах юм.

Эрүүл мэндийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.24-т “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих” гэсэн заалтыг УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан.

“Алсын хараа-2050” аяны хөтөлбөрт “Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмчилгээ үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлж, өвчлөл нас баралтын эрсдэлт хүчин зүйлс буурсан байна” хэмээн үзэж байгаа. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байх" гэж тусгасан байдаг.

Илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоо хийж эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэгийг илрүүлэх арга хэмжээ юм. Энэ удаа хүн амыг бүхэлд нь хамарсан масс илрүүлэг (Mass screening)-ийн аргыг ашиглан эрт илрүүлгийг хийх юм байна.

Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд 2020 оны жилийн эцсийн байдлаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, шээс бэлгийн тогтолцооны эмгэг, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад тодорхой эмгэг ордог. Харин нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад тодорхой эмгэг, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин зонхилж байна.

ЭМЯ-аас 2020 онд улсын хэмжээнд зохион байгуулсан "Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа"-гаар Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байгаа нь тогтоогдоод байгаа аж.

Түүнчлэн хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дийлэнх буюу 77 хувь нь халдварт бус өвчнөөр оношлогдож, эндсэн гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байсан нь судлагдсан байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралт жилээс жилд өсөх хандлагатай байгаа. Тухайлбал 2010 онд хорт хавдрын шинэ тохиолдол 100 мянган хүн амд 161,7 байсан. Харин 2020 онд 210.1 болж, нас баралт 2010 онд 10 мянган хүн амд 12.4 байснаас 2020 онд 13.2 болж өссөн байна. Шинээр оношлогдсон тохиолдлын 72.5 хувь нь хожуу үедээ оношлогдож, өвчилсөн хүмүүсийн 61 хувь нь оношлогдсоноос хойш таван жил хүрэхгүй хугацаанд эндэж байгаа аж.

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 дугаар тушаалаар “Насанд хүрэгчдийг 11 нэр төрлийн үзлэг, шинжилгээ"-нд хамруулахаар баталсан. Уг тушаалын дагуу 18-аас дээш насны иргэдийн 2020 онд 8.8 хувь буюу 153,155 хүн хамрагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 6.5 тэрбум төгрөгийг, 2021 онд 4.4 хувь буюу 96.690 хүн хамрагдаж Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулж байсан ажээ. Нотолгоонд суурилсан бодлогын баримт бичгийг шинэчлэх, ололт амжилт, сайн туршлагыг нутагшуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх юм байна.

Дээрх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/139 дугаар тушаалаар "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг. Энэ тушаалыг үндэслэн ЭМДЕГ-аас “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам”, “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц, төлбөрийн хэмжээ" тогтоосон тогтоолыг ЭМДҮЗ-ийн 2022 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлуулсан. Уг тогтоолоор бүх насны иргэдийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлийг үндэслэн зургаан насны багцаар хувааж үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар заасан байдаг.

Хүн амын дунд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулснаар ДЭМБ-ын тооцооллоор хорт хавдрын өвчлөлтэй холбоотой нас баралтыг 35-60 хувь бууруулж, халдварт бус өвчинтэй тэмцэхэд хөрөнгө оруулж буй нэг ам. доллар 2030 он гэхэд хамгийн багадаа долоон ам.доллар болгож, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр оруулсан нэг ам. доллар эргээд 43 ам. доллартай тэнцэх хэмжээний үр ашгийг өгч байгаа олон туршлага, мэдээлэл байдаг байна.

Монгол Улсад сүүлийн 28 жилд эрэгтэйчүүдийн дундаж наслалт зургаан жил, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 11.3 жилээр тус тус нэмэгдсэн статистик мэдээлэл байгаа. Энэ нь олон талт ажлын бодит үр дүн тул бодлогын залгамж халааг үргэлжүүлэх, тогтвортой байдлыг хангах, сайн туршлага байна. Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан. Харин эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд насны багцаас хамаарч 60-150 мянган төгрөгийг зарцуулна.

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаас гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжиж, иргэн бүрт эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягыг төлөвшүүлэх арга хэмжээг цогц байдлаар зохион байгуулан ажиллаж байгаа аж.  Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны бэлтгэл ажлын хүрээнд 2021 онд 13 аймаг, дөрвөн дүүрэгт Эрүүл мэндийг дэмжих  төв байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байдаг. Харин үлдсэн аймаг, дүүрэгт 2022-2023 онд байгуулна гэсэн юм.

Б.НАРАНГОО

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top