Эмнэлгүүдийг үр дүнд нь суурилан санхүүжүүлнэ

2022 оны 05 сарын 03

Иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө цаг тухайд нь төлдөг боловч эмнэлгийн үйлчилгээ авахдаа цаг хугацаагаа бодож хувийн эмнэлэг барааддаг. Ийн зарим иргэд хувийн эмнэлэг бараадах учир тэдэнд даатгал төлсний ашиг шим огтхон ч гардаггүй. Гэхдээ л төлсөөр байдаг. Энэ мэт асуудал нь эрүүл мэндийн салбарт тогтолцооны гажуудал тулгараад байгаагийн илрэл юм.

Үүнийг шийдэхийн тулд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы үед буюу 2019 онд эхлүүлсэн төсөл, ЭМДЕГ-ын шинэчлэлт өдгөө бидэнд мэдэгдэхүйц өөрчлөлтийг харуулсан, үр дүнд хүрсэн хэмээн өнгөрөгч долоо хоногт тайлагналаа. Тухайлбал, Японы Засгийн газрын ядуурлыг бууруулах сангийн санхүүжилт, Азийн хөгжлийн банкны санхүүгийн болон техникийн туслалцаатайгаар “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах МОН 9701” төсөл, Сангийн яамны дэргэд 2019-2022 онуудад амжилттай хэрэгжжээ.

Тодруулбал, “Эмнэлгийн хагас бие даасан байдлыг бэхжүүлэх” явдал. Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлснээр гүйцэтгэлийг сайжруулж, байгаа нөөцөө ашиглан үр дүнтэй ажиллах, илүү олон хүнд тусламж үзүүлдэг болох ажээ. Мөн үр дүнгээр нь санхүүжүүлээд эхэлбэл эмнэлгүүд уян хатан ажиллах шаардлагатай болж байгаа юм. Цаашид энэ тал дээр голчлон ажиллана гэдгээ төслийн багийнхан болон хамтран ажиллаж буй нөлөө бүхий байгууллагуудын төлөөлөл хэлж байлаа.

 Харин төсөл хэрэгжсэн гурван жил орчмын хугацаанд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тал дээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ талаар Төслийн зохицуулагч Ц.Уранчимэгээс тодруулахад, “Эмнэлгүүд орцод суурилсан санхүүжилтээр явдаг байсан бол одоо гарцад суурилсан санхүүжилтийн аргаар явж байгаа. Үр дүнд нь буюу хэчнээн хүнд тусламж үйлчилгээ үзүүлснээр нь санхүүжүүлдэг тогтолцооны томоохон өөрчлөлт хийсэн. Төсөл нь улсын төсвөөс эрүүл мэндийн байгууллагуудад олгодог байсан мөнгийг ЭМД-ын санд нэгтгэж, ард иргэд, даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд оруулахгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хөрөнгийг зарцуулж байгаа гэсэн үг.

Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, өндөр өртөг бүхий мэс заслууд, харвалт, шигдээс, гэмтэл, хорт хавдар, түлэгдэлт зэрэг тусламж үйлчилгээг авахын тулд иргэд санхүүгийн асуудалд ордог. Хүний амь насыг аврах чухал үйлчилгээ учраас ЭМД-аас 100 хувь даана гэсэн үг. Тухайлбал, манайд хүүхдийн түлэгдэл их байдаг. Жишээ нь, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй хүүхдийн эмчилгээнд 38 сая төгрөг зарцуулагддөг. Өмнө нь бол 25 хувийг нь ар гэр төлдөг байсан. Гэхдээ 9,5 сая гэдэг их мөнгө. Зарим хүнийг санхүүгийн эрсдэлд, заримыг нь бүр ядууралд оруулах эрсдэлтэй. Гол нь “Даадаг даатгал байя” гэж байгаа. Зарим тусламж үйлчилгээний 70 хувийг даатгалаас дааж, 30 хувийг иргэн өөрөө төлнө.

Жишээ нь, МRI шинжилгээг улсын эмнэлэгт л хөнгөлөлттэй хийдэг байсан бол одоо хувийн эмнэлэгт ч энэ хөнгөлөлт үйлчилж байгаа. Хүүхэд, хөгшид, орлого багатай иргэд, ХБИ /Хөгжлийн бэрхшээлтэй иргэд/-ийг хамтын төлбөр төлөхөөс бүрэн чөлөөлсөн. 2021 оны нэдүгээр сараас хэрэгжиж эхлээд есөн сарын хугацаанд ЭМД-аас 39 тэрбум төгрөгийг хамтын төлбөрт төлсөн байгаа юм. Мөн нэн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой иргэний ар гэрээр эм тариа авахуулахыг хориглосон. Түүнчлэн энэ төслийн багт монгол зөвлөхүүд ажилласан. Ганцхан гадаад зөвлөхтэй. Үүгээрээ онцлог.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан, асуудлаа ойлгодог хүмүүс орж ажилласнаар Монголынхоо нөхцөл байдалд тохируулан амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Хаалтын хурлаа хийж байгаа ч тогтолцоогоор шинэчлэхийн тулд олон жилийг зарцуулна. Тиймээс эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас улс болон хувийн эмнэлгийг ялгахгүйгээр нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг бүрэн санхүүжүүлсний үр дүнд эдгээр тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын тоо, хүртээмж нэмэгджээ. Энэ мэтчилэн үр эрүүл мэндийн салбарт тулгараад буй асуудал, шүүмжээ салбарын төлөөллүүд хэлэлцэн, шаардлагатай хийх ёстой ажлуудын талаар бусадтайгаа санал солилцсон юм. Хэрэв тухайн төсөл цаашид өргөн цар хүрээтэйгээр хэрэгжиж гэмээ нь ЭМД төлснийхөө ашиг шимийг хот хөдөөгүй хүртдэг болох гарц нээгдэж байна.

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top