ОЛОН ӨНГӨ: Дэлгэр зун ирлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Төмөр бар жилийн тавдугаар сарын 01, зуны эхэн сарын шинийн нэгэн давхацсан өдөр өнгөрсөн ням гаригт тохиолоо.

Өөрөөр хэлбэл энэ жил аргын тоолол, билгийн тоолол нэгэн өдөр тохиож байгаагаараа онцлог юм. Хаврын сүүл сар ерөнхийдөө сэрүүхэн, жиндүү талдаа байж зуны эхэн сарыг үзлээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон зурхайчид, байгаль шинжээчид нэгэнт ирсэн зуныг өргөн дэлгэр болно хэмээн айлдсан. Алдартай лам хуваргууд энэ жил, жилийн өнгө нь монголчуудад их таатай сайхан жил гарч байна. Эд бараа арвижиж, тариа ногоо арвинтай, зун зуншлага сайтай байна хэмээн дурдаж байсан.

Улаанбаатар хот болон орон нутгаас иргэд, малчдын ярьж байгаагаас харвал ихэнх нутагт хөрсний чийг сайтай, нар л хэрэгтэй байна. Нар тавиад өгөхөөр юу юугүй ногоо ургаж, цаг сайхан болно гэдгийг дурдав. Хаврын сүүл сард ихэнх нутгаар цас их хэмжээгээр орсон. Монголчууд хавар орой орсон цасыг “Шар тос” хэмээн нэрийдэж ирсэн нь санаандгүй хэрэг биш. Тэгэхээр өдгөө зуны сар гарч, нарны урсгал илч гэрлээ эх газарт тунгаах өдрүүд үргэлжилнэ гэхээр дэлхий дэлэгнэж, ногоо цагаа дэлгэрсэн цаг ирэх нь дамжиггүй. Хөдөө орон нутагт амьдарч байгаа өвгөд ч энэ зуныг дэлгэр болно хэмээн шинжсэн. 

Мөн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба гэхэд “Энэ жил уншлага гайгүй, үр тариа сайн ургана. Хавар хатуу, салхи ихтэй байна. Өвлийн эх айхтар хатуу боллоо. Ес дуусахад нэг сарын хугацаа байна. Цас цоохорловол мал идэх хоолтой болж гайгүй болно. Одоохондоо жаахан хатуу байна” хэмээн өдгөөгөөс гурван сарын өмнө хэлж байсан. Үнэндээ ч энэ хавар хатуухан л байлаа.

Шинжлэх ухаан, лам хуварга, зурхайч, өвгөдийн хэлж байгаагаас харахад энэ зун дэлгэр сайхан болох аж. Цар тахлын хатуу чанга дэглэм хэдийнээ буурч, тохиолчдын тоо эрс багассан. Тиймээс сүүлийн хоёр жил болоогүй баяр наадмаа зохион байгуулна. Хүй мандлын дэнж, Хүй долоон худаг хурдан морьдынхоо тоосыг үгүйлсэн цаг хугацаа явж өнгөрсөн учраас энэ зуны наадмыг юу юунаас өргөн дэлгэр тэмдэглэж таарна. Төрөөс ч Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэж чадаагүй учраас 100, 101 жилийн ойн баярыг хамтатган тэмдэглэх тухай байр суурийг илэрхийлж байсан. Удаан хугацаанд наадмаа тэмдэглээгүй нийт түмэн ч догдлон хүлээж байгаа. Ийнхүү олон утга агуулгаас шүүн тунгаавал энэ зун дэлгэр сайхан болох нь дамжиггүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top