Сүүлийн үед хүүхдүүдийн дунд Монголд эмчлэгдэх боломжгүй өвчин их гарах болжээ. “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрыг ажиллуулдаг Ц.Маргад-Эрдэнэ хэмээх залуугийн нагац дүү үе мөчний өвчний юра гэгч өвчнөөр шаналж явна. Төрсөн үрээс ялгаагүй бяцхан дүүгээ эдгээхийн тулд амьдардаг байраа хүртэл зарсан ч гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа аж. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
-Нагац дүү нь хэдэн настай вэ. Хэзээнээс энэ өвчнөөр өвдөж эхэлсэн бэ?
-Манай эгчийг Ц.Болортуяа гэдэг. Эгчийн маань дунд хүү Б.Түмэн 10 настай. Хоёр жилийн өмнө гар хугарлаа гээд эмчид очтол гар нь хугараагүй байж таарсан. Үе мөчний өвчтэй гэдгийг нь тэгэхэд л мэдсэн. Хоёр жил гармоны эм уусан ч эдгээгүй, химийн тарианд ороод одоо өсөлт нь зогссон. Өвдөхөөрөө үе мөч рүү нь хадаасаар шивж байгаа юм шиг шархирч, янгинаж өвддөг. Өвдөлтөндөө маш их уйлж, ядардаг.
-Хэдий хугацаанд ямар, ямар эмчилгээ хийсэн бэ. Тэр мөнгийг яаж болгож байв.
-Химийн тарианд долоо хоногийн пүрэв гараг бүрд ордог. Дөрөв хоногт нэг удаа өвчин намдаах эм тариа хийж унтуулдаг. Үенүүд нь томорч хавдаад алхаж гишгэж чадахгүй, хуруу гараа хөдөлгөх боломжгүй болсон. Гэртээ л хэвтрийн байгаа. Эх нялхаст холбогч эдийн тасагт харьяалагдаж хяналтанд байдаг. “Гоонь эрчүүдийн хуушуур”-аа ажиллуулж олсон мөнгөөрөө дүүдээ эм тариаг нь авч өгдөг дөө.
-Одоо биеийн байдал нь ямар шатанд байгаа вэ. Байраа зарсан гэлүү. Одоо хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ?
-Биеийн байдал нь улам л дордож байна. Удаан ийм байдалтай байвал эд эрхтэндээ нөлөөлөх эрсдэлтэй тул яаралтай хандивын аян эхлүүлэхээр зориглон шийдлээ. Дүүгийнхээ эмчилгээнд зориулж хоёр өрөө байраа зарсан. Солонгос улсын “Мён жин” эмнэлэгт 100 сая вонны төлбөртэй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.
-Ард түмэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Монголын ард түмэн дэндүү өгөөмөр, тусч сайхан сэтгэлтэй юм. Өчигдрийн байдлаар 17 сая төгрөгийн хандив цугларч халуун гараа дүүд минь сунгажээ. Хандивын данс 5075657485 Ц.Болортуяа гээд ээжийнх нь данс байгаа. Та бүхэн минь миний дүүд туслаач гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
-Та олон сайн үйлсийн аян хийж бсан тэрийг нь мэддэг хүмүүс сайхан сэтгэлээр тусалж байгаа байх...?
-Би 2020 онд “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газраа нээж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл маш олон хүнд сайн үйлсийн аян хийж, ядарсан зүдэрсэн хүнд хоол хүнс, түлээ нүүрс гээд эд зүйлийн тусламж үзүүлж байлаа. Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн гурван айлд таван ханатай гэр бэлэглэж байсан. Автобусны жолооч нарт өдрийн хоол үнэгүй тараах гээд боломжийн хэрээр хүмүүст туслахыг хичээж явдаг.
-Та одоо хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Манайх 22 ажилтантай. Нэг хүн дор хаяж 4-5 ам бүлтэй гэж бодохоор 100-аад хүнийг гэдэс цатгалан, мөр бүтэн авч яваа. Түмэн дүү маань тоглож наадах насан дээрээ орон дээр уйлж, өвдөж, шаналж байгааг нь харах хэцүү байдаг. Дүү маань есөн сарын 1-нд хичээлдээ явж, ангийнхантайгаа уулзахыг маш их хүсэж байгаа.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )